Цагаачлалын хоригийг эсэргүүцсэн Ерөнхий прокурорыг огцруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-01-31 12:38:18

ВАШИНГТОН. /АР/. Цагаачлалын асуудлаарх зарлигийг дагаж мөрдөхгүй байхыг Хуульзүйн яамны хуульч, прокуроруудад үүрэг болгосон АНУ-ын Ерөнхий Прокурорын үүрэг гүйцэтгэгчийг даваа гарагт Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрээр огцруулжээ.

Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд “Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Салли Йейтес АНУ-ын ард иргэдийг хамгаалахад чиглэсэн хууль журмыг дагаж мөрдөхөөс татгалзлаа” гэжээ. Салли Йейтес нь Барак Обамагийн засаг захиргааны үед ерөнхий прокуророор  томилогдсон байна.

Дээрх шалтгаанаар Ерөнхийлөгч Д.Трамп хатагтай Йейтесыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Виржиниа муж улсын Дорнод тойргийн прокурор Дана Бенте-г ерөнхий прокуророор томиллоо гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер мэдэгдэв.

Сенатч Жефф Сэшнс-ийг ерөнхий прокуророор томилох эсэхийг Сенатын танхимын гишүүд эцэслэн шийдэх хүртэл Дана Бенте ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэх аж.

Иран, Ирак, Ливи, Сомали, Судан, Сири болон Йемен гэсэн лалын шашинт долоон улсын ард иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг түр хориглох тухай зарлигийг Д.Трамп гаргасныг АНУ болон дэлхийн бусад улс оронд эрс эсэргүүцэж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ