Оны есөн алдартан болно гэдэг төрийн одон медалиас дутахгүй хүндэтгэл юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-30 15:17:38

Аймгийн “Оны 9 алдартан” шалгаруулах арга хэмжээг зохион байгуулж байгаатай холбогдуулан уг төслийг санаачлагч, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн С.Шаравдоржтой уулзаж, зарим тодруулга авлаа.

-Сайн байна уу. Оны 9 алдартан шалгаруулах арга хэмжээний гол агуулга, үнэ цэнийг тодорхойлбол?
-Янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүсийн бүтэн жилийн ололт амжилтыг хооронд нь жишин олны санал асуулгын дэнсэн дээр тавьж, шилдгийг шалгаруулж урамшуулна, алдаршуулна гэдэг бол маш шударга, үнэхээр гэгээн үйлс юм. Ийм шалгаруулалтыг хийх, зохион байгуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг зөвхөн хэвлэл мэдээллийнхэнд л байдаг. Ийм жишиг дэлхий нийтэд байдаг. Манай улсад ч энэ жишгээр “Оны шилдэг”-үүдийг шалгаруулан олноо өргөмжилдөг уламжлалтай. Тухайлбал: Өнөөдөр сонин улсын хэмжээнд “Оны шилдэг”-үүдийг шалгаруулдгийг бид бүгд сайн мэднэ.
Тэгвэл орон нутагт аймгийн “Оны 9 алдартан” шалгаруулах арга хэмжээг аймгийн сонинууд санаачлан зохион байгуулж хэвшил болоод байна. Аймгийн оны алдартан болно гэдэг бол төрийн одон медалаас дутахгүй хүндэтгэл мөн гэж бид боддог. Иргэд ч тэгж хүлээж авдаг. Энэ өргөмжлөлийг чинь намтартаа бичнэ шүү дээ.
-Оны 9 алдартан шалгаруулах арга хэмжээ хичнээн аймагт явагддаг вэ? Цар хүрээ нь хэр тэлж байна вэ?
-Анх 2000 онд Орхон аймагт зохион байгуулж эдүгээ 18 дахь жилдээ “Оны алдартан”-уудаа шалгаруулж байна. Дараа нь Дорнод, Сэлэнгэ, Булган, Архангай зэрэг аймгуудад “Оны 9 алдартан”-аа шалгаруулдаг болсон. Энэ арга хэмжээ улам хүрээгээ тэлж, энэ онд 12 аймагт “Оны 9 алдартан”-аа шалгаруулан өргөмжлөх гэж байна.
-Ямар хэлбэрээр зохион байгуулж, хэр шударга шалгаруулдаг вэ?
-Зохион байгуулалт нь жилээс жилд улам боловсронгуй болж, олны хүндэтгэл хүлээж байгаагийн нэг илрэл бол манай шалгуураар “Оны шилдэг”-ээр шалгарсан хүмүүс дараа нь төр засгийн одон медаль хүртэж, алдартан гавъяатан болох нь маш түгээмэл үзэгдэл болсон байна.
Бид анх зөвхөн сонины уншигчдын санал дээр үндэслэн шалгаруулдаг байсан бол одоо онлайнаар буюу сайтаар, мессежээр олны саналыг авч хэд хэдэн шалгуурыг үндэслэн шалгаруулдаг боллоо. Тун ханатай дүн гардаг шүү. Зарим иргэдийн санал гомдол, шүүмжлэлийг хүлээн авч, жил жилийнхээ шалгаруулалтыг аль болохоор шударга, бодитой гаргахыг хичээдэг.
-Алдартануудаа хэрхэн алдаршуулдаг вэ?
-“Оны 9 алдартан”-аар шалгарсан алдартнууддаа өргөмжлөл гардуулж төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өргөнөөр сурталчилдаг. Мөн зарим аймгууд тухайлбал Архангай аймаг алдартнуудынхаа намтар түүхээр ном бүтээж, олны хүртээл болгосон байна. Мөн телевизийн баримтат кино, хөрөг нэвтэрүүлэг бэлтгэсэн байгаа.
Одон медалийн тодорхойлолтыг хэдхэн албан тушаалтан гаргадаг бол ”Оны алдартан”-ы өргөмжлөлийг аймгийн ард түмний санал асуулгаар олгодгоороо онцлогтой.
Нэр дэвшүүлэх, санал авах, дүнг нэгтгэх, дүгнэх бүх үйл явц олны нүдэн дээр явагддаг тул хамгийн том хүндэтгэл эрхэм шагнал болдог юм.
-Танд баярлалаа.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ