Улиастай сум агаарын бохирдолгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-29 03:29:02

Завхан аймагт агаарын бохирдолгүй, хэвийн хэмжээнд байгааг аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Ус цаг уур орчны шинжилгээний газрын дэргэдэх байгаль орчны шинжилгээний лаборатори нь агаарын чанарыг нэг цэгт, гадаргын усны чанарыг 13 цэгт, хаягдал бохир усны чанарыг  төв цэвэрлэх байгууламжаас хаягдаж буй орох, гарах цэгт, хөрсний чанарыг 10 цэгт явуулдаг ажээ. Мөн цөлжилтийн хяналт шинжилгээг 24 сумын 109 зогсоол цэгт, цацрагийн түвшний хяналтыг  хоёр цэгт тус тус хэмжилт хийж төлөв  байдлыг тодорхойлж байна.

2016 онд Завхан аймгийн төвийн агаарын чанар хүхэрлэг хий, азотын давхар ислийн хэмжилт шинжилгээний дүнгээр хүлцэх агууламжаас давсан тохиолдол ажиглагдаагүй байна. Харин цацраг хяналт шинжилгээг Завхан аймгийн төв Улиастай, Баянтэс сумуудын орчны цацрагийн хэмжилтийг RDS-110 багажаар тодорхойлжээ. Үүнээс Улиастай өртөөнд нийт-1278 хэмжилт Баянтэс өртөөнд нийт-1250 хэмжилт  хийгдсэн байна. Улиастай сумын цацргийн агууламжийн жилийн дундаж 0.12 µSv/h,  агаарт хамгийн их 0.22 µSv/h, газрын гадаргад  хамгийн бага  0.09 µSv/h  байна. Харин Баянтэс сумын  цацрагийн түвшний  жилийн дундаж агууламж 0.10 µSv/h, агаарт хамгийн их 0.16 µSv/h, газрын гадаргад  хамгийн бага  0.08 µSv/h  байна. Тухайн хэмжилтийн дүнгээс харахад 0.08-0.22 мкЗв/ц  хязгаарт хэлбэлзэж байна.  Энэ нь хүний эрүүл мэндэд  сөрөг нөлөөгүй, зөвшөөрөгдөх хэвийн хэмжээнд байна гэдгийг харуулж буй юм хэмээн аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Завханд агаар бохирдуулах эх үүсвэрийн  нэгдсэн тооллого хийгджээ

Агаар бохирдуулах эх үүсвэрийн нэгдсэн тооллогыг жил бүр 24 сумд явуулдаг байна. Ингэхдээ ердийн галлагаатай 10 кВт хүртэл хүчин чадалтай зуухны тооллого, усан халаалтын 11-100 кВт хүчин чадалтай зуухны тооллогыг тус тус хийж байна. 2016 онд Завхан аймгийн хэмжээнд нийт агаар бохирдуулагч 11231 айл өрх 1847,5 тн нүүрс, 102632 м3 мод, 662.5 тн хөрзөн зарцуулсан судалгаа гарчээ.  2015, 2016 оны галлагаатай айл өрхийн тооллогын дүнг харьцуулахад аймгийн хэмжээгээр жилийн дотор 98 мянга гаруй айл өрх нэмэгдэж 2148 м3 мод хэрэглэж нүүрсний хэрэглээ нэмэгдээгүй байна.

Түүнчлэн аймгийн хэмжээнд 188 аж ахуй нэгж байгууллага 11-100 кВт-ын хүчин чадалтай зуух ашиглаж нийт 12065.8 тн нүүрс, 13220 м3 мод, 15 тн хөрзөн зарцуулж дулаан үйлдвэрлэсэн байна.  Агаарын чанарын хүхэрлэг хий нь зургадугаар сараас эхлэн бага багаар нэмэгдэж 9, 12 дугаар сараас огцом өсдөг бол азотын давхар ислийн агууламж нь гуравдугаар сараас бага зэрэг өсч, 10, 12, 1 дүгээр сард огцом нэмэгддэг байна. Өнөөдөр Завханы төв Улиастай хотын агаарын бохирдол улсын дунджаас ч бага, агаарын чанарын MNS4585:2016 стандарттай харьцуулахад давсан хэмжээ байхгүй юм байна.

Дашрамд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас агаарын чанарын мэдээг долоо хоног, сараар нь гаргаж олон нийтэд мэдээлдэг ажээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ