Архангай аймаг Тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичгээ боловсруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-27 14:45:19

Архангай аймагт “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл хэрэгжиж байгаа юм. Энэ хүрээнд аймгийн тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулж байна. “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2026” бодлогын баримт бичиг батлагдан хэрэгжсэнээр иргэдийн амьдралын түвшинг тууштай дээшилж, хүний хөгжлийг дээдэлсэн аймаг болох үр дүн хүлээгдэж байгаа юм. 

Мөн хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг хөгжлийн тэргүүлэх чиглэлээ болгон, байгаль экологийн нөөцийг зохистой удирдаж, олон улс, бүс нутаг, үндэсний хэмжээнд ухаалаг засаглал, хамтын ажиллагааг өргөжүүлэх тогтвортой байдлыг хангасан аймаг болгох зорилготой юм.

Өнгөрсөн оны 9-р сард байгуулагдсан, салбар бүрийн төлөөлөл бүхий ажлын хэсгийнхэн баримт бичгийн төслийн анхны хувилбарыг гаргасан байна. Үүнийг танилцуулж, дахин санал авах хэлэлцүүлгийг холбогдох байгууллагууд, сумдын удирдлагууд, иргэний нийгмийн төлөөллийн хүрээнд зохион байгууллаа. Эндээс гарсан саналуудыг нэгтгэн аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулах юм.

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь эдийн засаг, нийгэм, байгаль орчин, засаглал гэсэн дөрвөн тулгуур зарчимтай. Эдгээрт үндэслэсэн Тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсэгт БОНХАЖЯ, Даян дэлхийн ногоон хөгжлийн хөтөлбөр болон бусад байгууллагуудын зөвлөхүүд оролцож байна. Тэд Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг боловсруулахад оролцсон хүмүүс юм.

О.Амарзаяа

Холбоотой мэдээ