Хэнтийн Чингис хот- Бэрх-Батноров чиглэлийн зам цасанд хаагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-27 14:43:13

Хэнтий аймгийн Батноров, Бэрх сумдын замд цасан шуурга шуурч зам хаагдаж, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн том оврын автобус замдаа цасанд сууж, явахад маш их хүндрэлтэй байна.

Аймгийн Онцгой байдлын газраас "Харгуй" ХХК-нд Чингис хот-Бэрх-Батноров чиглэлийн замын цасыг хусах үүрэг өгсний дагуу 27-ний өдрөөс эхлэн цасан шуурганд хаагдсан зам давааны цасыг арилгаж нээхээр ажиллаж байна.

Маргааш, нөгөөдөр буюу 1 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд цас орж салхины хурд 10-12 метр секунд, зарим үед 16 метр секунд хүртэл ширүүсч цасан шуурга шуурах учир иргэд, малчид, тээвэрчид, аж ахуйн нэгж, байгууллагад онцгойлон анхааруулга өгч байна. Үүнд: хүчтэй салхи шуурганы үеэр эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавихыг санууллаа.

Мөн цас орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарах, хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин замд олноор саатаж түгжрэл үүсэх, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учрах аюулаас урьдчилан сэргийлэхийг аймгийн ОБГ-аас анхаарууллаа.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ