Д.Трампын зарлигийн талаар НҮБ тайлбар хийсэнгүй

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2017-01-27 14:10:42

НҮБ./TASS/. НҮБ-ын хувьд АНУ-тай харилцаагаа нягт хэвээр байлгах сонирхолтой байгаа бөгөөд Ерөнхийлөгч Д.Трампын зарлигууд гарах хүртэл ямар нэгэн тайлбар хийхгүй гэж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгчийн орлогч Фархан Хак мэдэгдлээ.

НҮБ болон олон улсын бусад байгууллагуудыг санхүүжүүлэхэд төлдөг мөнгөнийхөө хэмжээг АНУ-ын шинэ засаг захиргаа 40 хувиар танах гэж байна гэсэн мэдээллийн мөрөөр НҮБ-ын төлөөлөгч мэдэгдэл хийжээ.

Хэдхэн өдрийн өмнө “Нью-Йорк таймс” сонинд бичсэнээр, АНУ-ын шинэ засаг захиргаа НҮБ, түүний харьяа агентлагууд болон олон улсын бусад байгууллагуудын төсөвт төлж буй мөнгөнийхөө хэмжээг наад зах нь 40 хувиар танах тухай зарлиг гаргахаар төлөвлөж байгаа аж. Агентлаг, байгууллагууд гэдэг нь эгнээндээ Палестины үндэсний засаг захиргаа, Палестиныг Чөлөөлөх байгууллагыг нэгтгэсэн байгууллагууд юм. Түүнчлэн Иран болон Умард Солонгосын эсрэг авсан хоригийг дагаж мөрдөхөөс зайлсхийж буй байгууллагууд үүнд хамаарах аж.

Өнөөдрийн байдлаар, НҮБ-ын жилийн төсөв 5,4 тэрбум доллар болж байгаа бөгөөд үүний  22 хувийг АНУ дангаараа бүрдүүлдэг байна. Түүнчлэн тус улсаас энхийг сахиулах ажиллагаанд хандивладаг мөнгийг оролцуулан тооцоход америкчуудын НҮБ-д өгдөг мөнгөний хэмжээ жилд 3 тэрбум орчим доллар болж байгаа юм. Түүнээс гадна, НҮБ-ын харьяа байгууллагуудад АНУ 5 тэрбум доллар шилжүүлдэг гэсэн тооцоо бий.

Б.Адъяахүү  

Холбоотой мэдээ