Н.Назарбаев эрх мэдлийнхээ заримыг хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалд шилжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2017-01-26 12:02:17

АСТАНА./TASS/.Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өөрийн эрх мэдлийн нэлээд хэсгийг засгийн газар болон парламентад шилжүүлэн өгч байна. Энэ нь тус улсад одоо үйлчилж буй засаглалын тогтолцоог тогтвортой болгоход чиглэнэ гэж Н.Назарбаев лхагва гарагт телевизээр олон нийтэд хандан мэдэгджээ.

Назарбаевын хийж буй шинэчлэлийн гол зорилго бол парламент болон засгийн газрын үүрэг ролийг дээшлүүлэхэд оршиж байна. Тэрбээр хэлэхдээ “парламентын гишүүдийн зүгээс засгийн газрын гишүүдэд итгэл үзүүлэхгүй байгаагаа илэрхийлэх журмыг хялбарчлах хэрэгтэй. Ингэснээр хууль тогтоох засаглалын зүгээс гүйцэтгэх засаглалыг хянах хяналтыг хүчтэй болгоно” гэж Казахстаны Ерөнхийлөгч дурдсан байна.

Түүний үзэж байгаагаар, үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийг засгийн газарт шилжүүлэн өгөх нь зүйтэй ажээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “засгийн газар болон Ерөнхий сайдын баталсан акт, шийдвэрүүдийг цуцлах, үйлчлэлийг нь зогсоох зэрэг эрхээсээ Ерөнхийлөгч татгалзаж болно” гэж дурдсан байна.

Энэ бүхэн нь гүйцэтгэх засаглалын байгууллагуудын хариуцлагыг дээшлүүлж, эдгээр байгууллагуудыг удирдаж буй хүмүүст шаардлагатай эрх мэдлийг олгох явдал юм.

Харин эрх мэдлийнхээ заримыг шилжүүлснийхээ дараа Ерөнхийлөгч нь засаглалын салаа мөчрүүдийн хоорондын харилцааг зохицуулах Дээд арбитрын үүрэг гүйцэтгэнэ гэдгийг Н.Назарбаев мэдэгдсэн байна. Үүний сацуу, төрийн тэргүүн нь гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахтай холбоотой асуудлуудыг бүхэлд нь хариуцах юм.

Казахстаны Ерөнхийлөгч хэлэхдээ “Ерөнхийлөгчийн хүчтэй засаглал нь төр улсаа байгуулах хүнд хэцүү цаг үед тулгарч байсан бэрхшээл сорилтуудыг даван туулахад хэрэгтэй байсан” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

“Өнөөдөр дэлхий ертөнц маань бидний нүдэн дээр илт өөрчлөгдөж байна. Казахстанд явагдаж буй нийгмийн процессын хурд нэмэгдэж, илүү түвэгтэй болж байна. Бид дэлхий дахин болон бүс нутгийн сорилтуудад хэрхэн хариу өгөх вэ гэдэг талаар бодох хэрэгтэй. Шинэчлэлийн гол зорилго бол засаглалын эрх мэдлийг нухацтайгаар дахин хуваарилах, нийгмийг бүхэлд нь ардчиллах явдал юм” гэж Казахстаны Ерөнхийлөгч хэллээ.

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг дахин хуваарилахтай холбоотой хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг энэ оны 7 дугаар сараас өмнө парламентаар хэлэлцүүлэх юм. Эрх мэдлийг дахин хуваарилахын тулд Үндсэн хуульд “гар хүрэх” шаардлагагүй ажээ.

Б.Адъяахүү   

 

Холбоотой мэдээ