Сэлэнгэ аймаг, Японы Шизүока мужтай хамтран гурвалжин будаа тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-22 23:09:00

Сэлэнгэ аймаг, Япон улсын  Шизүока муж хоёрын хооронд гурвалжин будаа хамтран тарих гэрээнд гарын үсэг зуржээ.  

Тус аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Эрдэнэгэрэл, аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, Сэлэнгэ аймгийн ХАҮТ-ын дарга н.Шижир нар энэ сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд Япон улсын  Шизүока мужтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураад ирлээ.

Энэ талаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Эрдэнэгэрэл:-“Бид тус мужтай гурвалжин будаа хамтран тарих гэрээг байгуулж гарын үсэг зураад ирлээ. Япон улсын  Шизүока мужийн 2 мэргэжилтэн Сэлэнгэ аймагт ажиллана. Тэд өөрсдийнхөө зардлаар ирж хамтран ажиллах тариаланчиддаа зөвлөгөө өгөх юм. Хамтран ажиллах гэрээнд тусгагдсаны дагуу Японы мэргэжилтнүүд хавар тариалалт эхлэх, үр суулгах үеэс эхлээд намар ургац хураах хүртэлх бүхий л үе шатуудад давтамжтайгаар 4 удаа ирж ажиллана. Мөн гурвалжин будааг тариалаад хурааж авсны дараа  Шизүока муж худалдан авах гэрээ хийсэн. Бусад салбарт хамтран ажиллах асуудлыг мужийн дарга ажлын хэсгийнхэнтэйгээ 8 сард манай аймагт ажлын айлчлал хийсний дараа шийдвэрлэнэ гэдгээ хэлсэн. Учир нь тус мужийн дарга Сэлэнгэ аймагт ирж үзээгүй юм билээ. Иймээс ирж, өөрийн нүдээр харж, судалсны үндсэн дээр дараагийн асуудал яригдана гэдгээ хэлсэн” хэмээн ярилаа.

Сэлэнгэ аймгийн тухайд Баруунбүрэн, Алтанбулаг, Баруунхараа, Хушаат сумдад гурвалжин будаа тарилдаг юм. Эдгээр 4 сумдад нийт 1000 гаруй га-д гурвалжин будаа тариалж байгаа. 2016 оны тухайд эдгээр сумд нийт 335 тонн гурвалжин будаа хураан авсан бөгөөд зөвхөн сумынхаа хэрэгцээнд зориулан хэрэглэж байгаа ажээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ