Монгол, АНУ-ын Ил тод байдлын тухай хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох баримт бичигт гарын үсэг зурав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2017-01-20 16:02:37

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, АНУ-ын Худалдааны төлөөлөгч, Элчин сайд М.Фроман нар 2017 оны Нэгдүгээр сарын 19-ний өдөр Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээрийг (Ил тод байдлын хэлэлцээр) хүчин төгөлдөр болгох тухай баримт бичигт гарын үсэг зурав.

Ил тод байдлын хэлэлцээр нь олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомжийн талаар олон нийтэд мэдээлэх, санал авах, хэвлэн нийтлэх, авилгатай тэмцэх зэрэг чиглэлээр харилцан мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлж буй бөгөөд хэлэлцээрийг байгуулсан нь худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны ил тод байдлыг хангахад чухал ач холбогдолтой.

Түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалтын тухай хууль, тогтоомжийг англи хэлээр хэвлэн нийтлэснээр Монгол Улсад АНУ болон бусад орны хөрөнгө оруулалтыг татахад томоохон хувь нэмэр болох юм.

Талууд Ил тод байдлын хэлэлцээрт 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью-Йорк хотноо гарын үсэг зурсан бөгөөд УИХ  эл хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр баталсан.

Энэхүү хэлэлцээр 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэнэ.

Холбоотой мэдээ