Хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах байр хэрэгтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-20 13:12:01

Увс аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүд өчигдөр аймгийн Цагдаагийн газрын 2016 оны үйл ажиллагааны тайлантай танилцлаа.

Иргэний зөвлөлийн гишүүд нь аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг аймгийн ИТХ-д уламжилж шийдвэрлүүлэх, ард иргэдэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг таниулан сурталчлах, мөн ард иргэдийн эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр ажилладаг юм. Тус зөвлөл нь 9 гишүүнтэй бөгөөд өнгөрсөн оны 10-р сард зарим гишүүд нь шинэчлэгдсэн байна.

Иргэний зөвлөлийн гишүүд аймгийн Цагдаагийн газрын 2016 оны ажлын тайланг сонсоод гэмт хэргийн гаралт буурсан, ялангуяа хэрэг илрүүлэлт нэмэгдсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Гэхдээ насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүд, залуучууд гэмт хэрэгт холбогдох явдал гарсаар байгаад анхаарч ажиллах нь зүйтэй гэв.

Мөн аймгийн төвийн гудамжийг болон таван сумын төвийг камержүүлж, хилийн зурвас болон Улаангомын ойролцоох бүсийг хянах зориулалт бүхий нисдэг камер авснаар гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэн нь сайшаалтай байлаа. Өнгөрсөн онд аймгийн Иргэний зөвлөлийн гишүүд нь Цагдаагийн газрыг нисдэг камертай болгох, зарим сумын хэсгийн төлөөлөгчийг автомашинтай болгох, аймгийн төв болон таван сумын гудамж талбайг камержүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдэхэд туслалцаа үзүүлж, аймгийн ИТХ-аар оруулж дэмжүүлсэн байна. Цагдаагийн газрын удирдлагын зүгээс 2017 онд Увс аймгийн 10 сумыг олон нийтийн байцаагчтай болгох тал дээр туслаач гэсэн саналыг Иргэний зөвлөлийн гишүүдэд тавьж байлаа. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах байр шаардлагатай байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд байсан хуучин байрыг Цагдаагийн газрын мэдэлд шилжүүлж өгөх тал дээр дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүссэн юм.

Иргэний зөвлөлийн гишүүд аймгийн Цагдаагийн газрын 2016 оны тайланг сонсож, зарим зүйлийг асууж тодруулсан бөгөөд эцэст нь зөвлөмж гаргалаа.

Б.Батхүү

Холбоотой мэдээ