Сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-19 14:10:26

"Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпораци" ХХК байгуулагдаад удаагүй байгаа бөгөөд ажлын гараагаа "Баялаг Өлзий" ХХК-ийн "Bodio's" брэндийн салбарыг аймагтаа байгуулан, бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлаа эхэлж байна.

Тус корпораци төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бизнесийн орчинг дэмжих замаар зах зээлийг өргөжүүлэн, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүйдэл ядуурлыг бууруулах чиглэлээр ажиллах аж. Өнгөрөгч онд "Баянхонгор Политехник" коллежийн Оёдол эсгүүрийн ангийн 18 төгсөгчийг сонгон авч, "Баялаг Өлзий" ХХК-д 21 хоногийн үйлдвэрлэлийн дадлага хийлгэн 14 хүүхдэд сертификат олгожээ. Одоогоор нийт 20 хүний ажлын байраар хангаж, ажилчдаа дадлагажуулах, ур чадварыг дээшлүүлэх үүднээс цамц, өмд, ороолтыг туршилтын журмаар хийж байна.

Зах зээлд үнэгүйдсэн сарлагийн хөөврийг боловсруулж, бэлчээрийн мал аж ахуйг үнэт баялаг болгох, малчдын орлогыг шинээр нэмэгдүүлж ээрмэл утас хийхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд борлуулах хүртэлх бүхий л үйл ажиллагааг "Баялаг Өлзий" ХХК эрхлэн явуулдаг. Тус үйлдвэр "Bodio's" брэндээс гадна Европ, Азийн зах зээлд танигдсан брэнд бүтээгдэхүүнийг захиалгаар үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Цаашид "Монгол сарлагийн хөөврөөр дэлхийг гоёх" эрхэм зорилгодоо алхам алхмаар ойртож, олон улсын зах зээлд Монгол хөөврөн бүтээгдэхүүн, "Bodio's" брэндийн байр суурийг бэхжүүлж, улс орныхоо экспортын орлогыг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахыг зорьж буй аж.

Сонирхуулахад, Манай улс жилд 60 тн сарлагийн хөөвөр бэлтгэж байгаагийн 40 хувийг "Баялаг Өлзий" үндэсний компани боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Сарлагийн хөөвөр нь ямааны ноолууртай адил торгомсог зөөлөн, дулаан хадгалах, агаарын солилцоо нэвтрүүлэх, бат бөх буюу эдэлгээ даах шинж чанараараа илүү байдаг. Мөн тоос шороо татаж цахилгаанждаггүй, орчны үнэрийг өөртөө шингээдэггүй, хөлс чийг сайн шингээж авдаг зэрэг сайн чанартай байдаг байна. 

 

                                                                                                                        Б.Мөнхзул

Холбоотой мэдээ