Цэцэрлэгийн шинэ байр боломжийг судлахаа амлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-17 17:18:00

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг болон УИХ-ын нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хороо болон өргөдлийн байнгын хороо, бусад холбогдох яамдын зөвлөхүүдийн хамтарсан ажлын хэсэг Архангай аймагт энэ сарын 13-ны өдөр ажиллалаа.

Энэ үеэрээ Төвшрүүлэх, Цэнхэр сумдын хүүхдийн цэцэрлэг, Эрдэнэбулган сумын 6, 11, 13-р цэцэрлэгээр орж сургалтын орчин, хүүхдийн хамрагдалт, ажиллах нөхцөл байдал, багш ажилчдын нийгмийн асуудал гээд тулгамдсан асуудлуудыг сонсох, СӨБ-ын тухай хуулийн хэрэгжилт газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаатай танилцжээ. Дээрх СӨБ-ын байгууллагуудаас Цэнхэр сумын цэцэрлэг 150 хүүхдийн шинэ цэцэрлэг барьж өгөхийг хүслээ. Үүнийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 2017 оны концессийн гэрээгээр хийгдэх ажлуудын жагсаалтанд оруулж болох эсэхийг судлахаа амлав.

  

Архангай аймгийн удирдлагууд цэцэрлэгт хамрагдалтын чиглэлээр олон арга хэмжээ авч ажилласны дүнд улсын дунджаас дээгүүр хувьтай байгааг БСШУСЯ-ны СӨББ-ын хэлтсийн дарга Ж.Мягмар хэллээ. 

 

Цэцэрлэгийн удирдлага, багш нартай уулзалт хийв

Ё.Баатарбилэг гишүүн боловсролын салбарын тухай ярихад сургуулийн өмнөх боловсрол үлдчихдэг гэдэг байр сууринаас зориуд цэцэрлэгийн багш нартай уулзалт хийсэн юм. Цаг гаруй үргэлжилсэн уулзалтын үеэр цэцэрлэгийн эрхлэгч нар тулгамдсан асуудлуудаа хэлж, ер нь багш нарын хөгжил тал дээр анхаарлаа хандуулахыг хүслээ. Эрдэнэбулган сумын хүүхдийн цэцэрлэгүүдийн багш нар илүү цагийн мөнгөө авдаггүй, хүүхдийн тоглоом шинэчлэл, шинэ байр, урсгал засвар, багшийн хөгжлийн асуудал мөн багшийг бичиг цаасны ажлыг хөнгөвчлөх гээд нийтлэг асуудлуудыг нэгтгэн багцалж, асуудлуудыг судалж, шийдэхийг нь шийдэж өгөхийг холбогдох яамны зөвлөхүүдэд анхаарууллаа.

Эрдэнэбулган суманд 16 хүүхдийн цэцэрлэг ажилладаг. Үүнээс хүүхдийн 6-р цэцэрлэгийн байр тэг чигтээ мөөгөнцөрдөж, багш, хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа тухай тус цэцэрлэгийн эрхлэгч А.Аззаяа хэлж, шинэ байр барьж өгөхийг хүссэн хүсэлтээ өргөн барилаа. Ё.Баатарбилэг гишүүн судалж, хариу хэлнэ гэв.

Б.Гэрэлт-Од      

Холбоотой мэдээ