Мэргэжлийн хяналтын газар дахин шинэ байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-16 17:44:51

Ховд аймгийн Мэргэжлийн Хяналтын газар 2005-2010 он хүртэл аймгийн ЗДТГ-ын байранд байрладаг байсан юм. 2010 оноос тус хэлтэс шинэ хоёр давхар ажлын байр байртай болж тусдаа гарсан юм. Гэтэл дахин 2016 онд дөрвөн давхар шинэ байр ашиглалтад орж гурав дахь байрандаа нүүж орлоо.

Тус аймгийн МХГ-аас иргэдэд үзүүлэх үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлж, мэдээллийн технологийг ашиглан төрийн үйлчилгээг хурдан шуурхай, ил тод, тэгш шударга, үр дүнтэй хүргэх хариуцлагатай ажлаа мэргэжлийн удирдлагатай хослуулан гүйцэтгэж, төрийн албан хаагчид орчин үеийн шаардлагад нийцсэн, тохилог шинэ орчинд ажиллах боломж бүрдэж байна.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинэ барилгыг улсын төсвийн хөрөнгөөр 1 тэрбум 339.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр Б.Дүгэржав захиралтай “ББММ3Т” ХХК-нийн барилгачид 3 жилийн хугацаанд барьж, ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгчээ.

Мэргэжлийн хяналтын газрын шинэ байрны нээлтэнд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагууд оролцож хууль тогтоомжийг мөрдөн, хяналтын чиг үүргээ төрийн бодлого, олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх их үйлсдээ амжилт гарган ажиллахын хүслээ.

Шинэ байрны нээлтийн үеэр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас МХГ-ын хамт олонд 500 мянган төгрөг гардуулан өглөө. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь 4 хэлтэс 1 лаборторитой нийт 62 орон тоотой ажиллаж байна. Шинэ байртай болсоноор стандартын шаардлага хангасан лаборатори, тоног төхөөрөмжтэй, улсын байцаагчид нь ард иргэдийн төлөө тавих төрийн хяналтаа хуулийн дагуу явуулж нэг цэгээс үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болж байна. Цаашид аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын хамт олон шинэ ажлын байрандаа Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гарсан дүрэм журам, норм, норматив, стандартын хэрэгжилтийг бүрэн хангаж, төрийн хяналтыг иргэд олон нийтэд хууль эрх зүйн хүрээнд хүнд суртал, элдэв чирэгдэлгүй түргэн шуурхай хүргэж, мэдээллээр хангаж, зөвлөн туслаж, аливаа зөрчил дутагдалаас урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэн нэгдсэн лабораторитаа чанартай дүн шинжилгээ хийж ажиллах боломжтой боллоо.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ