Ногооны хальс цуглуулан малчдад өгч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-16 17:33:18

Увс аймгийн Улаангом сумын цэцэрлэгийн залуу багш нар санаачлан хэрэглэсэн ногооныхоо хальсыг цуглуулж малчин өрхүүдэд өгөх сайн үйлсийн аяныг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлээд байна.

Энэхүү аянд Улаангом сумын 13 цэцэрлэгийн 30 гаруй залуу багш хамрагдаж, эхний ээлжинд 20 гаруй шуудай ногооны хальс цуглуулан Улаангом сумын 1-р багийн малчин Т.Цэгмэдийнд хүлээлгэн өглөө. Цэцэрлэгүүдийн хэрэглэсэн хүнсний ногооны хальснаас гадна бэлтгэл бүлгийн хүүхдүүд, багш нар гэрээсээ ногооны хальс авч иржээ. Хүүхдийн хүмүүжил төлөвшилд хэрэгтэй, нийгэмд тустай сайн үйлсийн аян өрнүүлж байгааг эцэг эхчүүд дэмжиж хүлээн авсан байна.

Санаачлагчдын зүгээс тус аяныг аймгийн хэмжээнд бүх нийтээр өрнүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна. Ялангуяа сургуулиуд, албан газруудыг нэгдэхийг уриалсан юм.

“Байрны айлууд ногооныхоо хальсыг хог хаягдал руугаа шууд хийдэг. Үүнийг нь хот тохижилтынхон ялгахгүйгээр шууд аваачиж дарж устгадаг. Хэрвээ ногооныхоо хальсыг ялгаж аваад малчдад өгвөл малын шимт тэжээл болдог” хэмээн Улаангом сумын 5-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Пагма хэллээ.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ