Б.Обама "нойтон хөл, хуурай хөл”-ийн бодлогыг халав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-01-13 12:34:08

ВАШИНГТОН. /Nikkei/. Визгүйгээр АНУ-д ирсэн кубачуудад оршин суух эрх олгох бодлогыг Ерөнхийлөгч Барак Обама төгсгөл болголоо.

20 жилийн турш явуулсан энэ бодлогын ачаар АНУ-ын нутаг дэвсгэрт орж ирсэн Кубын цагаачид ирснээсээ хойш нэг жилийн дараа хууль ёсны байнгын оршин суугч болдог байсан юм.

Б.Обамагийн энэ шийдвэрийн хариуд, АНУ-аас албадан гаргасан кубачуудыг хүлээж авч эхлэхээр Гавана тохиролцжээ.

Уг шийдвэрийн талаар Америкт амьдардаг кубачууд “хүний эрхийг зөрчдөг, хүний эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа улс орныг Вашингтон өөгшүүлж байна” гэж ярьж байна.

Ерөнхийлөгч Б.Обама халаагаа өгөхөд 10 хүрэхгүй хоног үлдээд байгаа хэдий ч Кубатай харилцаагаа сайжруулахын тулд хүчин чармайлт гаргасаар байгаа юм. Тэрбээр хэлэхдээ “бусад улсын цагаачдын адил хуулийн дагуу кубачуудыг хүлээн авахын тулд бид энэ өөрчлөлтийг хийж байна” гэжээ.

Кубын Засгийн газар Б.Обамагийн энэ шийдвэрийг “АНУ-Кубын харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн чухал алхам” гэж  сайшаажээ.

Харин Б.Обамагийн халааг авах гэж буй Дональд Трамп Кубатай харилцах тал дээр хатуу байр суурь баримталдаг бөгөөд хоёр улсын харилцаанд гарсан өөрчлөлтийг "хөмрөн хаяж" магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна.

“Нойтон хөл, хуурай хөл”-ийн бодлого нь зөвхөн кубачуудад хамаарч байсан юм.

Энэ бодлогын хүрээнд, Кубаас зугтан гарсан хүмүүс далайгаар АНУ-ын эрэгт хүрэлцэн ирж, хуурай газарт хөл тавьсан л бол АНУ-д оршин суух эрхийг автоматаар авдаг байсан билээ. Харин хуурай газарт хөл тавьж чадалгүй баривчлагдсан тохиолдолд цагаачдыг албадан буцаадаг байжээ.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ