Шинэ үндсэн хуулийг батлахад Сүхбаатар аймгаас 15 депутат оролцож байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-13 12:12:27

Одоогоос 25 жилийн тэртээ буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын сум бүрээс нэг нэг төлөөлөгч болон сонгогдсон Ардын их хурлын 430 депутат шинэ Үндсэн хуулийг 76 хоног хэлэлцэн баталсан байдаг. Үндсэн хуулийг хэлэлцэн, батлах үйл хэрэгт  Сүхбаатар аймгаас ард иргэдийнхээ төлөөлөл болсон 15 депутат оролцож, өөрсдийн үнэт хувь нэмрийг оруулсан юм.

Монгол Улсын шинэ, ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн түүхэн үйл явдлыг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газраас АИХ-ын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн төлөөлөгчийн газар зохион байгууллаа. Сүхбаатар аймгаас шинэ Үндсэн хууль батлах үйл ажиллагаанд  15 депутат оролцсон бөгөөд өдгөө амьд сэрүүн 11 депутатыг  хүлээн авч, аймгийн Засаг дарга З.Энхтөр, УИХ-ын гишүүн Ч.Улаан нар хүндэтгэл үзүүлэн, баяр хүргэлээ. Үндсэн хууль баталсан түүхэн үйл явц, түүнд АИХ-ын Сүхбаатар аймгийн депутатууд ямар үүрэг рольтой оролцсон болон 1992 оны Үндсэн хуулийн ач холбогдол, өнгөрсөн 25 жилийн дараах үр дүнгийн талаарх депутатуудын санал сэтгэгдлийг сонсож, үр хойч, ирээдүй үедээ авч үлдэх нь энэхүү уулзалтын зорилго байсан юм.

Монгол Улсын шинэ, ардчилсан Үндсэн хуулийг батлахад хүн бүр идэвх, зүтгэлтэй оролцсон. Тэр дундаа Сүхбаатарчуудын төлөөлөл болсон депутатууд, энэ нутгаас төрөн гарсан хүмүүс олон санал санаачлага, үзэл бодлоо илэрхийлж, үндсэн хуульд тусгаж чадсан. Тэр үед жинхэнэ эх орон, ард түмнийхээ эрх ашгийг бодож байснаас бус одоогийнх шиг бүлэг, фракц, нам эвсэл, хэн нэгний төлөө гэсэн бодол санаа орж байгаагүй, байх ч үгүй байсан гэдгийг АИХ-ын  депутатт асан С. Батсүх хэлж байлаа.

Монгол Улсын шинэ, ардчилсан Үндсэн хуулийг батлахад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Ч. Хурц, Д.Чулуун / 9 эмэгтэй депутатын нэг/, Сүхбаатар сумаас Цэндбаяр, Асгат сумаас Н. Жанцан, Эрдэнэцагаан сумаас С. Батсүх, Дарьганга сумаас Ш. Содномдаш, Наран сумаас М. Бат-Өлзий, Д. Моондой, Онгон сумаас М. Лхагвасүрэн, Баяндэлгэр сумаас Ш. Цогтбаяр, Түвшинширээ сумаас Б. Нямдорж, Халзан сумаас Ш. Бадам,Уулбаян сумаас Ш. Шагдарсүрэн, Түмэнцогт сумаас Д. Лхагвасүрэн, Мөнххаан сумаас тухайн үеийн аймгийн дарга байсан Л. Болд болон Д. Дамдин нарын 15 депутат сонгогдон оролцжээ. Эдгээр хүмүүсийн ахлагчаар Ш. Бадам томилогдон ажилласан байна. Мөн эдгээр 15 хүнээс гадна Сүхбаатар аймгийн уугуул хүмүүс тухайн амьдарч байсан газраасаа сонгогдон гарч ирсэн байдаг. Тухайлбал Төв аймгаас Ж. Гомбожав, Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас Асгат сумын уугуул Гантөмөр, Төв аймгийн Эрдэнэ сумаас тухайн үеийн сум нэгдлийн дарга хийж байсан Батсүх, Улаанбаатар хотоос О. Дашбалбар, Хэнтий аймгаас мөн тухайн үед сум нэгдлийн дарга байсан Тэрбиш нарын олон хүмүүс сногогдож, шинэ үндсэн хуулийг батлалцахад гар, бие оролцож явсан байна

Уулзалтын үеэр 15 депутат хууль батлах үеэр өөрсдийн авуулсан түүхэн гэрэл зураг, хурлын тэмдэглэл, тухайн үед хэрэглэж байсан эд зүйлсээсээ аймгийн Угсаатны зүйн музейд дурсгасан юм.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ