Бан Ги Мүн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-01-13 10:19:39

СӨҮЛ./Yonhap/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн энэ оны сүүлчээр болох Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа илэрхийллээ.

НҮБ-ыг 10 жилийн турш удирдсаныхаа дараа өнгөрсөн 12 дугаар сарын эцсээр халаагаа өгсөн Бан Ги Мүн өчигдөр Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд буужээ.

“Эх орондоо тавтай морил! Шударга нийгмийг бий болгож өгнө үү!” гэсэн бичиг бүхий уриа лоозон барьсан хүмүүс түүнийг угтан авсан байна.

Тэрбээр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “өмнөд солонгосчууд бид цагийг дэмий үрэх ёсгүй. Улс төрд шинэчлэл хийх хэрэгтэй байна” гэж онцлон тэмдэглэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “би энэ хагаралдсан улс орныг нэгтгэж, дэлхийд тэргүүлэгч орон болгохыг хүсч байна” гэжээ.

Санал асуулгуудын дүнгээс үзвэл, Бан Ги Мүний хувьд Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн халааг авах хамгийн өндөр магадлалтай хүмүүсийн нэг юм. Ерөнхийлөгчийн сонгууль 12 дугаар сард болох төлөвтэй байна.

Эрх баригч “Сэнүри” намаас гарсан хууль тогтоогчид энэ сарын 24-нд шинэ консерватив нам байгуулах гэж байгаагаа өнгөрсөн сард мэдэгдсэн юм. Бан Ги Мүн тус намаас нэр дэвшиж магадгүй гэсэн мэдээлэл байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ