Сэлэнгэ аймгийн Удирдах ажилтны зөвлөлгөөн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-12 23:33:56

Сэлэнгэ аймгийн нутгийн өөрөө удирдах ёсны болон төрийн захиргааны байгууллагуудын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд баримталж ажиллах бодлого чиглэлийг тодорхойлох зорилго бүхий аймгийн удирдах ажилтны зөвлөлгөөн өнөөдөр буюу энэ сарын 12-ны өдөр эхэллээ.

Аймгийн ЗДТГ-аас жил бүр оны эхэнд уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд аймгийн төр захиргааны байгууллагуудын 160 орчим удирдах ажилтнууд оролцож байна. 

Зөвлөлгөөний зорилго болон нийт оролцогчид, зөвлөлгөөнөөр хэлэлцэгдэх асуудлыг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа танилцуулж зөвлөлгөөнийг нээлээ. Үүний дараа “цагийн юм цагтаа гэдгийг энэ дөрвөн жилийн ажлын төлөвлөлтөндөө мөрдлөг болгоно. Иймээс цагтаа цугласан та нөхдөд баярлалаа” гээд аймгийн Засаг дарга Ш.Оргил илтгэлээ танилцууллаа. Мөн энэхүү аймгийн удирдах ажилтны зөвлөлгөөнд Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын үйл ажиллагаанд анхаарах асуудлын талаар аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлдээ “Сүүлийн үед Хурал, Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлж байгаа баримт бичгээ зарим хэлтэс, газрууд сайтар боловсруулаагүй, стандарт шаардлага хангаагүй байдлаар оруулж байна. Энэ бол тухайн байгууллагын чадвар чадамж сул дорой. Тэнд ажиллаж байгаа албан хаагчийн ур чадвар муу байгаагийн илрэл юм. Ирэх 4 жилд аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчдээс аймгийн Засаг даргад танилцуулж, Тамгын газраар хянагдаагүй ямар ч асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхгүй бөгөөд алдаа дутагдалтай чанаргүй бэлтгэгдсэн асуудлыг тухай бүрт нь буцаах болно” гэдгийг хатуу анхаарууллаа.

Дээрх илтгэлүүдийн дараа шинээр сонгогдсон болон томилогдсон сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт энгэрийн тэмдэг, ажлын үнэмлэхийг нь гардуулан өглөө. Энэхүү Сэлэнгэ аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 12-13-ны өдрүүдэд үргэжлэн явагдах бөгөөд аймгийн Засаг даргаас агентлагийн дарга, сумдын Засаг дарга, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, МСҮТ, сум дундын ойн анги, ОНӨААТҮГ-ын удирдлагууд, төрийн үйлчилгээний байгууллага, өрхийн эмнэлгүүдтэй хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгуулах юм.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ