Цэргийн алба хаагчид сард 60-100 гаруй ном уншдаг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-12 17:07:14

Увс аймгийн Төв номын сангаас Хилийн цэргийн 0245-р ангийн ажилтан, алба хаагчдын дунд өчигдөр Номын өдөрлөг зохион байгууллаа.

Өнгөрсөн жил тохиосон Увс аймгийн Төв номын сангийн 80 жилийн ойгоор тус цэргийн ангийн хамт олон “Хамгийн олон номтой байгууллага”-аар шалгарсан байна. Хилийн цэргийн 0245-р анги нь Номын сандаа 1500 ш номтой бөгөөд ихэнх нь хандив тусламжаар цугларчээ. Цэргийн ангийн удирдлагууд аймгийн Төв номын сангаас сар бүр 60-100 гаруй номыг картаар татан авч ажилчид, алба хаагчиддаа уншуулдаг байна. Өнгөрсөн онд Төв номын сангийнхан хилийн заставуудад очиж номын баяр хийж, хөдөлгөөнт номын сан ажиллуулсан байна. Мөн Боршоогийн шалган нэвтрүүлэх боомт дээр нэг өдөр Номын өдөрлөг зохион явуулсан аж.

“Цэргийн ангийн хамт олон маань бидэнтэй хамтран аймгийн төвд улирал тутам номын баярын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ үеэр тэргүүний уншигчдаа шалгаруулан шагнаж урамшуулж, уралдаан тэмцээн явуулдаг” хэмээн аймгийн Төв номын сангийн дарга Б.Булган хэллээ.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ