Афин дахь ОХУ-ын Консул нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-01-10 09:45:31

АФИН./Reuters/. Грек дэх Оросын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Афин хотод гэртээ нас барсан тухай цагдаа нар мэдэгдлээ.

"55 настай Андрей Маланин гадны нөлөөгүйгээр нас барсан нь мөрдөн шалтгалтын явцад тогтоогдоод байна. Гэхдээ бид энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна" гэж Грекийн цагдаагийн газар мэдэгдсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, ноён Маланин даваа гарагт ажилдаа ирээгүй бөгөөд утсаа авахгүй байжээ. Тэрбээр харуул хамгаалалт сайтай газарт ганцаараа амьдардаг байсан аж.

Маланин унтлагын өрөөнийхөө шалан дээр унасан байжээ. Цагдаа хэлэхдээ “цогцсонд ил үзэгдэхүйц шарх сорви алга байна. Гадны нөлөөгөөр амиа алдсан гэх магадлал тун бага байна” гэжээ.

Сирийн Алеппо хотод цэргийн ажиллагаа явуулахад Оросын арми оролцсоныг эсэргүүцэн Грекийн хөрш Туркэд суугаа Оросын Элчин сайд Андрей Карловыг нэгэн этгээд өнгөрсөн оны 12 дугаар сард буудан хөнөөсөн билээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ