Ямаан уснаа аялаад иржээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2017-01-10 01:16:50

Баянхонгор аймгийн Хаан банкны хамт олон аялалын клубтэй болоод жил гаруй болжээ. Тус багийнхан явсан газруудынхаа талаарх мэдээлэл, аяллын сонин сайхнаараа нэвтрүүлэг хийж орон нутагтаа цацдагаараа онцлог юм байна.

Байгалийн сайхныг мэдрэх, тухайн газар нутгийн түүх соёл, үүсэл хөгжлийг судалж аян замын тэмдэглэл болоод аялалын нэвтрүүлэг бэлтгэж үзэгчиддээ хүргэх нь эх орноороо бахархах үйлсэд уриалан дуудах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх олон талын ач холбогдолтойг клубынхан хэлж байсан.

Багийнхан шинэ оны эхний аяллаараа аймгийн төвөөс 28 км-т байрлах Ямаан усны ууланд очжээ.

Ямаан усны уул нь Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Эрдэнэцогт сумын нутгийг холбон сүндэрлэж байдаг үзэсгэлэнт хайрхан юм. Далайн түвшнээс дээш 3400 метрт өргөгдсөн зундаа буга, янгир, хойлог гэх мэт ховор амьтан идээшлэн бэлчээрлэж, шивээлсэн хар мод, шинэс бургас мод элбэгтэйн дээр эмийн ургамал яргуй, цагаан уул гэх мэт зүйл зүйлийн ургамлаар бүрхэгдсэн хөвд бүхий үзэсгэлэнтэй газар.

Ямаан усны хайрхан нь томоохон талбайг эзлэн оршдог бөгөөд Өвлийн улиралд цас их унадаг байна. Ямаан усны хайрханы эргэн тойронд 100 гаруй малчин айл өрх олон жил мал сүргээ өсгөн үржүүлэн суурьшиж байна.

                                                                                                                        Б.Мөнхзул

Холбоотой мэдээ