Чигэстэй голын гүүрийг засварлаж дуусав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-09 21:59:18

Завханы төв Улиастай хотын дундуур урсах Чигэстэй голын гүүрний засварын ажил дуусчээ.

Улиастай сумын Богдын гол баг Жинст багийг хооронд нь холбодог тус гүүрийг анх 1983 онд Ховдын зам ангийнхан барьж байгуулсан цагаас хойш 33 жилийг ардаа үджээ. Уг нь стандартын дагуу 20 жил болоод их засвар хийх ёстой байдаг ч өнөөг хүртэл засварлаагүй байжээ. Тэр ч бүү хэл урсгал засварт ч ороогүй байна. Тиймээс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж Зам тээврийн яаманд дүгнэлт илгээжээ. 

Хяналт шалгалтын явцад гүүрийн завсарын тулгуур, дам нуруунуудын тэнхлэгийн хэмжээ алдагдсан, дам нуруудын тулц дээрх хэсгүүдийн хавирганы төгсгөл хэсгийн хамгаалалтын үеийн бетон эвдэрч дан арматураараа байрлан суултанд орсон, ан цав үүссэн, зарим тулах хэсэг ажиллах боломжгүй болж эрсдлийн үнэлгээ 50 хувьтай гарчээ. Ийнхүү улсын төсвийн хөрөнгөөр тус гүүрийг  "Тэргүүн саруул зам" ХХК сарын хугацаанд засварлаж хүлээлгэж өгчээ. Тус компани нь авто зам, төмөр бетон гүүр, хоолойн барилга угсралтын ажил, бетон хийцээр дагнан ажилладаг бөгөөд 2012 онд  Улиастай сумын Богдын голын гүүрийн их засвар ажлыг хийж байсан туршлагтай компани юм байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ