Завханы говийн сумдад мал усаар дутагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-09 21:31:38

Завханы төрийн байгууллагуудын удирдлагуудын мэдээлэл солилцох ээлжит хурал дээр аймгийн ОБГ-ын Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Баярсайхан өвөлжилтийн талаар товч мэдээлэл хийлээ.

Завханд 24 сумын 115 багийн 8,3 мянган малчин өрхийн 5,3 сая мал өвөлжиж байна. Үндсэн сумынхаа нутагт 7,6 мянган өрхийн гурван сая орчим мал, аймаг дотроо бусад сумынхаа нутагт 303 өрхийн 265 мянган мал, хилийн зурвас нутагт 120 өрхийн 71 мянган мал, тусгай хамгаалалттай бүс нутагт 55 өрхийн 12,1 мянган мал өвөлжиж хаваржиж байна. Харин аймаг дундын отрын бүсэд таван сумаас 62 өрхийн 174 хүн, 74.2 мянган мал өвөлжиж байна. Их-Уул, Тосонцэнгэл, Отгон, Шилүүстэй, Сантмаргац, Баянтэс, Асгат сумаас хөрш зэргэлдээ Архангай, Хөвсгөл, Булган, Баянхонгор, Говь-Алтай аймгуудын 14 сумын нутагт 163 өрхийн 65.1 мянган мал отроор орон өвөлжиж байна.

Дөрвөлжин сумын бүх баг, Ургамал сумын Тосгуур, Хульж баг, Завханмандал сумын Мандал, Олонбулаг, Олонтүрүү баг, Яруу сумын Зүйл, Хэц-Улаан багуудын баруун урд хэсэг, Алдархаан сумын Аргалант, Өгөөмөр багуудын нутгаар цас бага орж цасны зузаан төдийлөн нэмэгдээгүйгээс малын усан хангамж дутагдах нөхцөл үүсээд байгаа юм байна. Дээрх говийн сумдаас бусад сумдад цасны зузаан 13-21 см байна. Аймаг сумын өвс тэжээлийн бэлтгэл ажил бүрэн дууссан.

Түүнчлэн Говь-Алтай, Ховд, Архангай аймагт малын гоц халдварт өвчин гарсан учраас хил залгаа аймгуудаас малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн авах тал дээр анхааралтай байхыг аймгийн ОБГ-аас санууллаа.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ