Бээжингийн цагдаа нар агаарын бохирдолтой тэмцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-01-08 16:37:33

БЭЭЖИН. /Xinhua/. Байгаль орчны цагдаа нар Бээжингийн агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж эхэлсэн тухай тус хотын даргын үүрэг гүйцэтгэгч мэдэгдлээ.

Цай Цы хэлэхдээ “агаар бохирдуулж буй эх үүсвэрүүд, тухайлбал гадаа ил гал дээр мах шарж байгаа болон тоостой зам зэргийг цагдаа нар олж илрүүлэн холбогдох хүмүүст хариуцлага тооцно" гэв.

Мөн энэ онд Бээжин хотын нүүрсний хэрэглээг 30 хувиар бууруулна гэж хотын дарга мэдэгдэв.

Хорт агаар амьсгалахгүйн тулд  тус хотын оршин суугчдын зарим нь гэрээсээ ч  гарч чадахгүй байгаа ажээ.

Агаарын бохирдлыг бууруулахын тулд нүүрсээр ажилладаг ДЦС-уудын тоог цөөрүүлэх зэргээр дорвитой арга хэмжээ авахыг олон нийт засгийн газартаа уриалсаар байна.

Агаарын чанарыг сайжруулах хүчин чармайлтын хүрээнд насжилт өндөртэй, утаа ихээр ялгаруулдаг 300 мянган тээврийн хэрэгслийг хэрэглээнээс хасч,  бохирдол үүсгэгч үйлдвэрүүдийг хааж, 2000 үйлдвэрийг шинэчлэхээр төлөвлөж байна.

Сургууль болон цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч суурилуулж эхэлнэ гэж Бээжингийн эрх баригчид өмнө нь мэдэгдэж байсан юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ