Аймгуудын Засаг дарга нар ярьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭАймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд хоёр өдөр болж өнгөрлөө. Энэ үеэр зарим аймгийн Засаг дарга нартай уулзаж, Засгийн газраас өгч буй чиглэл, үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлэх гэж байгаа болон орон нутгийн одоогийн нөхцөл байдлыг тодрууллаа.
Шадар сайд Ч.Хүрэлсүх: 100 гаруй суманд өвөлжилт хүндрэлтэй байна
-Аймаг, нийслэлийн удирдлагууд Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга болон салбарын сайдуудтай гэрээ байгууллаа. Энэ цаг үе нь улс орны эдийн засаг хямарсан хугацаатай таарч байна. Тэгэхээр энэ жилийн гэрээнд юу тусгав, онцлог юу байв?
-Өнгөрсөн оны ажлаа дүгнэж, ирэх онд хэрхэн ажиллах тухай асуудлыг жил бүрийн гэрээнд тусгадаг. Энэ жилийн хувьд эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа ч санхүү, хөрөнгө мөнгөний бололцоонд тааруулж, төрийн ажлыг тасалдуулахгүй байхыг чиглэл болголоо.
-Энэ жил онцгой байдлын салбарт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт төлөвлөв, өмнөх онтой харьцуулахад хөрөнгө оруулалт ямар түвшинд байна вэ?
-Сүүлийн жилүүдэд онцгой байдлын байгууллага үүргээ амжилттай биелүүлэхэд төрөөс анхаарал хандуулсаар ирсэн. Одоогоор эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч төрийн дэмжлэг туслалцаа урьдын адил хэвээр байгаа.
-Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан тусламж хүссэн аймаг байгаа юу?
-Баруун аймгаас Ховд, Завхан, Баян-Өлгий, зүүн аймгуудаас Хэнтий, Дорнод, Сэлэнгэ зэрэг нийт 15 аймгийн 100 гаруй суманд өвөлжилт хүндрэлтэй, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Хүйтний эрч чангарвал нөхцөл байдал хүндэрч магадгүй. Тиймээс Засгийн газраас цас зуднаас сэргийлэх арга хэмжээг үе шаттай авч байна. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хүндэрч болзошгүй аймгуудад цаг алдалгүй тусалцаа үзүүлэх асуудлыг оруулна.
Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог: Хаваржилтанд онцгой анхаарч байна
-Ховд аймагт өвөлжилтийн нөхцөл байдал ямар байна, мал тооллогоор хичнээн мал тоолуулав?
-Ховд аймагт өвөлжилт харьцангуй гайгүй. Баруун талын сумдаар цастай байна. Цасны зузаан зарим газартаа 20 см, зарим газартаа метр гаруй зузаантай байна. Малын тэжээл буулгаж, малчдаа эргэж тойрч мэргэжлийн эмч нарын баг ажиллуулсан. Малчдын сэтгэл санаа тогтуун байгаа. Манай аймаг 3.2 сая гаруй толгой малтай байсан. Энэ жил таван төрөл дээр мал өсч, 3.4 сая толгой малтай болсон.
-Төвийн өвөлжилт ямар байна, уурын зуух хэвийн ажиллаж байна уу?
-Аймгийн төвийн уурын зуух хэвийн ажиллаж байгаа. Халаалтын хувьд доголдол гараагүй.
-Хаваржилт хүндэрч болзошгүй байна. Өвс тэжээл хэр нөөцөлсөн бэ?
-Энэ жил манай аймаг 60 мянган тонн хадлан авах ёстойгоос 58 мянган тонныг авсан. Ер нь энэ жил ургац хураалт сайн байгаа, малчид бэлтгэлээ сайн хангасан. Манай аймгийн өвөлжилт хавар болдогоороо онцлогтой. Тиймээс 3-4 дүгээр сард онцгой анхаарал хандуулж байгаа.
-Засгийн газраас хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүл гэсэн үүрэг даалгавр өгч байгаа. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ. Орлого тал дээр бусад аймгуудтай харьцуулахад ямар давуу талтай вэ?
-Манай аймаг уул уурхай, тэр бичил уурхай, жижиг дунд үйлдвэрлэл, мал аж ахуйн бүтээгдэхүүнээс орлого олох боломжтой. 2017 оны төсөв хэмнэх талдаа батлагдсан учраас төсвөө хатуу мөрдөж ажиллахаар байна. Ингэсэн тохиолдолд бололцоо нөхцөл гарна гэж бодож байна.
Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин: Дорноговьчууд өнтэй өвөлжиж байна
-Хоёр өдрийн семинарын хүрээнд хэд хэдэн асуудлыг чухалчилж ярьсны зэрэгцээ аймаг, нийслэлийн удирдлагуудыг хэмнэлтийн горимоор ажиллахыг Засгийн газраас үүрэг болголоо. Танай аймгийн хувьд энэ үүрэг даалгаврыг хэрхэн хэрэгжүүлэх ажиллаж байна вэ?
-Дорноговь аймгийн ЗДТГ 40 хүний орон тоотойгоор ажиллана. Сумдад 25-30 хүний орон тоотой ажиллахаар бүтцээ баталсан. Бүтэц, орон тооны хувьд иймэрхүү чигтэй. Ер нь манай аймаг улсаас татаас авдаггүй, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг аймаг. Гэхдээ Засгийн газраас үүрэг чиглэл болгож байгаагийн хувьд бид 2017 онд төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийг зөв зохистой зарцуулах, мөн санхүүгийн сахилга батыг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллана.
-Орлого нэмэх тал дээр ямар боломж байна гэж харж байна вэ?
-Олон жилийн хугацаанд өр авлагатай байсан аж ахуй нэгж, байгууллагын удирдлагуудтай уулзаж ярилцаж байна. Тодорхой график гаргаж, өр авлагыг барагдуулахад анхаарч ажиллана. Ялангуяа аймгийн ИТХ-аас тогтоодог татварыг нэмэгдүүлэх бодолтой байна.
-Өвөлжилтийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Өвөлжилтийн нөхцөл байдал харьцангуй сайн байна. Аймгийн зүгээс өвс тэжээлийн нөөцөө сайн бүрдүүлсэн. Дээрээс нь малчид маань өвс тэжээлээ сайн базаасан. Одоогоор тус аймгийн нутаг дэвсгэрт температур 7-10 хэмийн хүйтэн байна. Ер нь өнтэй өвөлжиж байна.
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан: Эрүүл мэндийн салбарт хэмнэлт хийхгүй
-Хэмнэлтийг ер нь аль салбараасаа эхлэх бодолтой байна вэ?
-Засгийн газраас томилолтын болон бусад зардлууд дээр хэмнэлт гарга гэж байгаа. Сая аймаг төсвөө баталлаа. Төсөвт тэвчиж болох зардлуудаа шингээсэн. Тухайлбал, томилолт, шатахууны зардлыг танах дээр анхаарч, эхнээсээ ажил хэрэг болоод явж байна.
-Та сая Эрүүл мэндийн яамтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Эрүүл мэндийн салбарт хэмнэлтийн бодлого хэрэгжих үү. Учир нь эрүүл мэндийн салбарт доголдол үүсэх юм биш биз?
-Эрүүл мэндийн салбарт хэмнэлт хийх боломж байхгүй. Засгийн газраас тэвчиж болох зардлыг хэмнэ гэсэн чиглэл өгч байгаа шүү дээ.
-Танай аймгийн хувьд эрүүл мэндийн салбарт яаралтай шийдвэл зохих ямар асуудлууд байна вэ. Ирэх дөрвөн жилд энэ салбарын үйл ажиллагаанд ахиц гаргахын тулд хэрхэн ажиллах гэж байгаа вэ?
-Эрүүл мэндийн сайд ажлаа аваад манай аймагт ажиллаж, салбарынхаа нөхцөл байдалтай биечлэн танилцсан. Тиймээс салбарын сайд манай аймгийн эрүүл мэндийн байгууллага, ажилтан ажиллагсдын талаар нэлээн сайн ойлголттой болсон. Ер нь Баян-Өлгий аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй цөөнгүй асуудал бий. Тухайлбал, аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилга 1975 онд баригдсан. Тухайн үед аймгийн хүн ам 50 мянга байсан. Одоо бол 100 мянган хүн амтай болж, ачаалал нэг дахин нэмэгджээ. Түүнчлэн түргэний машинууд нэлээд хуучирсан. Энэ онд түргэний машины шинэчлэлт хийнэ. Зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлага бий. Гол нь Нэгдсэн эмнэлгийн барилгыг шинээр барихад гол анхаарлаа тавьж байна.
Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан: 877 сая төгрөгийн өр барагдуулж, сумд 100 хувь өргүй болсон
-Эдийн засагч хүний хувьд таныг асуудлыг бодитоор үнэлж байгаа гэж бодож байна. Энэ жил аймагтаа ямар зорилт дэвшүүлсэн бэ. Ирэх 4 жилд танай аймагт ямар өөрчлөлт гарах бол?
-Ирэх 4 жилийн хөтөлбөрөө боловсруулахдаа ард иргэдээ сонсох зарчмыг барьсан. Ард түмнийхээ үгийг сонсоно гэдэг бол шийдлийн хамгийн том гарц юм. Нийтдээ 8 мянган хүний саналыг тусган ирэх 4 жилийнхээ хөтөлбөрийг боловсрууллаа. Ингэснээр "Хэрэглэдэг аймгаас Үйлдвэрлэгч аймаг" болох зорилт дэвшүүллээ. Эдийн засгийн хөгжлийн гол салбар бол мэдээж ХАА-н салбар, түүн дотроо МАА-н гаралтай түүхий эдийн салбар голлоно. Үүний зэрэгцээ газар тариалан, аялал жуулчлалын салбарыг чухалчилж байгаа.
-Засгийн газраас хэмнэлтийн бодлого хэрэгжүүл гэсэн үүрэг даалгавар өгч байна. Танай аймгийн хувьд хэмнэлт явуулах салбар, түүний хязгаарыг хэрхэн авч үзэж байна вэ?
-Би өнгөрөгч 8 дугаар сарын 12-нд ажлаа хүлээж авсан. Ажлаа авсан өдрөөс хэмнэлтийн тухай асуудлыг ярьж байгаа. Гэхдээ хэмнэлтийг явуулахдаа утга учиргүйгээр хийж болохгүй. Сайн зардал, муу зардлаа ангилж, муу зардлаа хэмнэх ажлыг нэлээн сайн зохион байгууллаа. Сайн зардлыг хэмнэвэл эргээд муу зардал дагуулдаг учраас зардлаа ангилахаас ажлаа эхэлсэн. Намайг ажлаа авахад манай аймгийн сумдын өр нийт 877 сая төгрөг байсан. Боловсролын салбар 1,5 тэрбум төгрөгийн өртэй байсан. Тиймээс сайн муу зардлаа ялгаж, муу зардалтайгаа тэмц гэсэн үүрэг даалгавар өгсөний үр дүнд оны эцсээр манай аймгийн сумд 100 хувь өргүй болсон. Дээрх 877 сая төгрөгийн өрийн 700 гаруй сая төгрөгийг хэмнэлтийн зарчмаар тэглэсэн гэсэн үг. Үлдсэн 100 гаруй сая төгрөгийн өрийг дотоод эх үүсвэрээс шийдвэрлэсэн. Боловсролын салбарт байсан 1,5 тэрбум төгрөгийн өрийг салбарын яам төсвийн тодотголд тусгах замаар тэрбум төгрөгийг нь шийдсэн бол 300-гаад сая төгрөгийг нь дотоод боломжоороо барагдууллаа. Одоо 200-гаад сая төгрөгийн өр үлдээд байна.
-МАА-н гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж та хэллээ. Борлуулалт тал дээр хэрхэн ажиллах гэж байна вэ?
-Хаана борлуулах вэ гэдгээ эхэлж шийдээд дараа нь хэрхэн үйлдвэрлэх вэ гэдэг асуудлаа ярих ёстой. Үүний зэрэгцээ том үйлдвэрлэлээс гадна жижиг үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Манай аймаг хоёр ч үйлдвэрлэл эхлүүлэх гэж байна. Нэгдүгээрт уламжлалт ширмэл ширдэг. Энэ бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд тустайн дээр орон нутагт технологи нь бэлэн байдаг. Хоёрдугаарт адсаганы үйлдвэрлэл. Мөн үүнийг хийдэг технологи хөдөөд бэлэн байна. Түүний зэрэгцээ авч хэрэглэх сонирхол иргэдэд бас байгаа юм. Энэ мэт Завханчуудын үйлдвэрлэх болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээл дээр гаргах ажлыг эхлүүлэхээр яриа хэлэлцээ эхлүүлж байна. Дотоодын зах зээл дээр хийж буй нэг ажил гэвэл, Улаанбаатар хотод Завхан аймгийн бизнесийг дэмжих нэгжийг байгуулж байна. Энэ нэгжээр аймагтаа үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг борлуулах юм.
-Иргэдийнхээ үгийг сонсоход анхаарч байгаа гэлээ. Завханчууд ямар санал санаачилга гаргаж байна вэ?
-Анх ажлаа аваад хоёр дахь захирамжаа “Ард иргэдээ сонсох тухай” гэсэн захирамж гаргасан. Судалгаанаас үзэхэд нийт иргэдийн 64 хувь нь тухайн шийдвэрийг гаргахдаа бидний саналыг сонсооч ээ гэсэн асуудал тавьсан.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ