УИХ нийтийн сонсголыг тодорхой дэгээр зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Өмнөх УИХ-аас Нийтийн сонсголын тухай хуулийг баталсан. Хуулиар 7 төрлийн сонсгол явуулахаар хуульчилсан ба ингэснээр УИХ нийтийн сонсгол зохион байгуулахаар болж байгаа юм. Иймд уг сонсголыг зохион байгуулдаг байх дэг шаардлагатай болсон тул дээрх хууль тогтоолын төслийг өнөөдөр ийн хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, "Нийтийн сонсгол хийхтэй холбогдуулж УИХ-ын дэгт өөрчлөлт орох нь. Нэгэнт хуульд өөрчлөлт оруулж байгаа юм чинь чуулганы хуралдааны үеэр хэлэлцэж буй асуудлаасаа өөр зүйл ярьдаг, өөрийнхөө өргөн барьсан хуулийн эсрэг санал өгдөг, дэмжих санал дээр дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлдэг зэрэг асуудлыг хамтатган тусгаж болох уу" гэсэн асуулт тавьсан. Үүнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, "Төрийн байгуулалтын байнгын хороон дээр Ё.Баатарбилэг гишүүний саналыг ярьж, хуулийн төсөл боловсруулж байгаа. Одоогоор хуулийн төсөл өргөн бариагүй ч гишүүд саналаа нэмэрлэж болно. Өнөөдрийн хувьд зөвхөн нийтийн сонсголтой холбоотой өөрчлөлтүүдийг хийх юм" гэсэн хариулт өгөв.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, "Өргөдлийн байнгын хорооноос нийтийн сонсгол хийхэд албан тушаалтнууд ирдэггүй. Тиймээс худал мэдээлэл өгсөн болон шалтгаангүйгээр нийтийн сонсголд ирээгүй албан хаагчид хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Олон улсын жишигт ташаа тайлбар өгсөн албан тушаалтныг төрд тодорхой хугацаагаар ажиллуулахгүй байх эсвэл мөнгөн торгууль ногдуулдаг жишиг байдаг юм байна. Манай байнгын хороо утааны асуудлаар нийтийн сонсгол хийгээд зөвлөмж гаргалаа. Зөвлөмжөө ажил хэрэг болгох үүднээс чиглэлийн баримт бичиг болгох гэж байна. УИХ нийтийн сонсголыг тодорхой дэгээр зохион байгуулахаар болж байгааг дэмжиж байна" гэсэн байр сууриа энэ үеэр илэрхийлэв.
Харин УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нийтийн сонсголын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санаа бодлыг сонсох боломжийг бүрдүүлэх нь зүйтэй юм гэсэн санал хэлэв. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад 81.2 хувиар дэмжигдлээ. Ийнхүү олонх дээрх хууль тогтоолыг УИХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ