С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл бүлэгт ирээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-01-02 13:21:28

УИХ дахь АН-ын бүлэг Төрийн ордонд ээлжит хуралдаан хийлээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга С.Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

УИХ-ын байнгын хороо болон нэгдсэн чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар зарим Элчин сайдын яам, консулын газрыг татан буулгахтай холбоотой асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулж Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил бүлгийн гишүүдэд тайлбар хийсэн байна. Мөн Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнтэй холбоотой нэмэлт тоо баримтаар ажлын хэсгээс мэдээлэл сонсохоор төлөвлөсөн ч гишүүд нь ирээгүй тул хойшлуулсан гэж бүлгийн дарга С.Эрдэнэ мэдээллээ. Үүний дараа сэтгүүлчид зарим асуудлыг тодруулсан юм.

-Сайд Ц.Мөнх-Оргилоос Далай ламын айлчлалтай холбоотой тайлбар авсан байна. Энэ тухай тодруулахгүй юу?  

-Хятадын нэр бүхий вэб сайт, олон улсын түвшинд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээлэл, Хятадын албаны зарим хүмүүсийн “Монголын тал Хятадын талаас уучлал гуйсан” гэх зэрэг мэдээлэлтэй холбогдуулж сайд Ц.Мөнх-Оргилоос тайлбар авлаа.

-Монгол Улс тусгаар тогтносон улс орны хувьд аливаа айлчлалыг бие дааж шийдэх эрхтэй. Гэвч энэхүү асуудалд Ц.Мөнх-Оргил сайд төгс тоймтой тайлбар хийж чадсангүй. Айлчлал нь шашны шугамаар байсан ч нэвтрэх виз олгох журам нь консулын журмаар шийдэгдэж байгаа. Тийм учраас Засгийн газрын түвшний асуудал юм.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаар дамжуулж Хятад улс руу илгээсэн илгээлтэд дурдсан зүйл нь мөн ийм утгатай байгаа. Ерөнхий сайдаас өөрөөс нь тайлбар авах шаардлагатай гэж үзсэн.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль УИХ-аар хэлцэгдэх боллоо. Бүлгээр төслийг хэлэлцсэн үү. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий гэж үзэж байна уу?

-Ардчилсан намын бүлэгт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл нь ирээгүй учраас хэлэлцэх боломжгүй байлаа. УИХ-ын Тамгын газраас лавлагаа авна.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ