“Hollywood” бичвэрийг өөрчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2017-01-02 11:07:17

ЛОС-АНЖЕЛЕС. /Huffingtonpost/. АНУ-ын Калифорн муж улсын Лос-Анжелес хотод байрлуулсан алдарт “Hollywood” бичвэрийг шинэ онд бага зэрэг өөрчилсөн байна.

“Santa Monica” уулын “Mount Lee” өндөрлөг дээрх 94 жилийн түүхтэй энэ бичвэр шинэ оны эхний өдөр “Hollyweed” болон өөрчлөгджээ.

Энэхүү бичвэрийг нэгэн этгээд шөнийн дотор өөрчилсөн бөгөөд хамгаалалттай бүсэд хууль бусаар нэвтэрсэн гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байна гэж Лос-Анжелес хотын цагдаагийн газрын ажилтан Гай Жуно мэдэгдлээ.

Ажиглалтын камерт буусан дүрс бичлэгийг үзвэл, бичвэрийг бямба гарагийн шөнө өөрчилсөн нь тодорхой болсон боловч цагдаа нар сэжигтнийг тогтоож чадаагүй байна. Энэхүү алдарт бичвэрийг өөр өөр арга замаар өөрчилсөн тохиолдол жилд хэд хэдэн удаа гардаг ажээ.

Харин энэ удаад “Hollywood” тэмдгийн “О” үсгийн урдуур хар даавуу унжуулж, “Е” үсэг болгон хувиргасан байна. Өмнө нь Калифорни муж улсын нэгэн оюутан тус муж улсад мариуханы талаарх хууль сул байгааг сануулах зорилгоор 1976 оны нэгдүгээр сарын 1-нд дээрхтэй адил арга замаар бичвэрийн үсгийг сольж байжээ.

Урлагийн чиглэлээр суралцдаг Дэнни Файнгүд гэдэг энэ оюутан улс төрийн мэдэгдэл хийх зорилгоор “Hollywood” бичвэрийг гурван ч удаа өөрчилсөн туршлагатай нэгэн аж. Тэрбээр 2007 онд нас баржээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ