Ажилтан нь амиа хорлосонтой холбоотойгоор "Дэнцү" группын тэргүүн огцрохоор шийджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-29 18:44:49

ТОКИО. /NikkeiAsianReview/. Нэгэн ажилтан нь хэдэн зуун цаг илүү цагаар ажилласны улмаас амиа хорлосонтой холбоотойгоор Японы зар сурталчилгааны хамгийн том компани болох “Дэнцү” группын тэргүүн огцрохоо мэдэгдлээ.

Тадаши Ишии өнөөдөр мэдэгдэл хийхдээ “ирэх оны нэгдүгээр сарын 1-нд болох группын ТУЗ-ийн хурлын үеэр би огцрох хүсэлтээ гаргана” гэв.

Тус группын ажилтан болох 24 настай Мацүри Такахаши гэдэг эмэгтэй өнгөрсөн оны 12 дугаар сард өндөр барилга дээрээс үсрэн амиа хорлосон юм. 2015 оны дөрөвдүгээр сараас “Дэнцү”-д ажиллаж эхэлсэн тэрбээр  сард 100 орчим цаг илүү цагаар ажилладаг байжээ.

Ийм хэрэг гарснаас хойш ажилтнуудаа хэт олон цагаар ажиллуулж байгаагаа зогсоохыг “Дэнцү”-гээс хүмүүс шаардан. шахалт үзүүлсээр байгаа бөгөөд 11 дүгээр сард холбогдох албаны хүмүүс тус группын байранд нэгжлэг хийж, шалгасан юм.

Такахаши өдөржин, шөнөжин ажиллаж байгаад үүрийн 05:00 цагийн үед гэртээ харьдаг байжээ.

2011 оноос тус группыг удирдаж буй Тадаши Ишии “ажиллах орчин нөхцлийг сайжруулах арга хэмжээ авч байхад нэгэн ажилтан амиа хорлосонд гүнээ харамсч байна” гэж хэлээд, уучлалт гуйсан юм.

Тус компанийн 100 гаруй ажилтан сард дунджаар 80 цаг илүү цагаар ажилладаг байсныг шалгалтын явцад тогтоосон аж.

Японд ядаргаанд ортлоо ажилласны улмаас амиа алдах тохиолдол түгээмэл гардаг аж. Статистик мэдээнээс үзвэл, тус улсад илүү цагаар ажилласны улмаас жилд 2000 орчим хүн амиа хорлодог байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ