ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-15 10:55:01

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Иоахим Гаук, түүний гэргий хатагтай Даниела Шадт нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаа нар  Чингисийн талбайд угтан авав.

Хоёр орны төрийн дуулал эгшиглэсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук нар хүндэт харуулын өмнүүр явж мэндчилсэн юм. Эрхэмсэг зочдод монгол үндэсний дээлтэй хүүхдүүд цэцгийн баглаа барив.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаа, ХБНГУ-ын  Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук, гэргий Даниела Шадт нар Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Мөн Төрийн ордны “Баганат“ танхимд хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараа хоёр орны Төрийн тэргүүн гэргий нарын хамт дурсгалын зураг татууллаа.

Үүгээр угтах ёслолын хэсэг өндөрлөж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук нар Төрийн ёслол хүндэтгэлтийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийж байна. Ганцаарчилсан уулзалтын дараа хоёр улсын ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийнэ. Үүний дараа Ерөнхийлөгчид  сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ