Шийдвэр гаргагчдад судлах шаардлагатай сэдвүүдээр мэдээлэл өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн ИТХ-ын ажлын албанаас аймгийнхаа бүх сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалтыг энэ сарын 23-ны өдөр аймгийн төв Сүхбаатар суманд зохион байгууллаа.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр гаргах асуудлын чиг үүргийн хүрээнд хууль эрх зүйн талаасаа эргэн харах, дахин дахин судлах шаардлагатай зүйлүүд байнга тулгарч байдаг учир дээрх сургалтыг зохион байгуулжээ.
“ИТХ-ын үйл ажиллагаанд анхаарах асуудлууд” сэдэвт тус сургалтаар “Захиргааны хэм хэмжээний акт гаргах, түүнд тавигдах шаардлага” сэдвийг Хууль зүйн яамны мэргэжилтэн Т.Нарантунгалаг, “Газрын харилцааны эрх зүй, газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд Хурлаас анхаарах асуудал” сэдвийг Аймгийн ГХБХБГ-ын ахлах мэргэжилтэн Б.Мөнхсоёл, “Сумдын статистик, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг тооцох нь” сэдвийг Хаан сургалт судалгааны төвийн тэргүүн С.Сэлэнгэ, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт, анхаарах зүйл” сэдвийг аймгийн ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга С.Баяржаргал, “Байгаль орчны салбарт мөрдөгдөж буй хуулиуд, тулгамдаж буй зарим асуудлууд” сэдвийг Аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа, “Орон нутгийн өмчийн харилцааны зарим асуудлууд” сэдвийг Аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга П.Эрдэнэсайхан нар хөтлөн явууллаа.
Мөн энэ үеэр 2016-2020 онд Хурлын байгууллагаас анхаарах зарим асуудлын талаар аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа мэдээлэл өглөө. Сургалтанд аймгийн 17 сумын Хурлын дарга, нарийн бичгийн дарга нар хамрагдахаас 15 сумын 31 хүн хамрагдсан байна.
Ч.Отгонцэцэг