Шинжилгээгээр Завханы зарим голын ус нэн цэнгэг гэж гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-12-20 15:55:14

Завхан аймгийн байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу шинжилгээ хийжээ.

Шинжилгээг  Богд- Улиастай нэг, хоёрдугаар цэг, Чигэстэй- Улиастай нэг, хоёрдугаар цэг, Тэс-Баян уул зэрэг хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтээр шинжилжээ. Тухайлбал усан орчин (pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри+ калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe) зэргийг тодорхойлжээ.

Шинжилгээгээр дээж авсан голуудын эрдэсжилт нэн цэнгэг ангилалд багтаж байгаа бөгөөд Тэс гол цэнгэг ангилалд багтаж байна. Харин Богд, Чигэстэй голын усны хатуулаг 1.5 мг-экв/л буюу маш зөөлөн, Тэс гол нь зөөлөвтөр устай байлаа.  Завхан аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг  MNS4586-1998 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжид биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар илрээгүй. Голын усны хатуулаг 1.20 мг-экв/л, маш зөөлөн  устай, хүчилтөрөгчийн горим хэвийн, хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр  байсан  байна.

Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал ус бохирдолтой гарчээ

Мөн Улиастай сумын хаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах цэгээс авсан цэвэршүүлсэн бохир усны сорьцонд шинжилгээ хийжээ.

Шинжилгээгээр цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 70.6 хувийн цэвэршүүлэлттэй байжээ. Улиастай сумын Төв цэвэрлэх байгууламжид орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 стандартаар үзжээ. Энэхүү стандарт нь “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг заадаг аж. “Хаягдал ус”-ны стандартад заагдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс жинлэгдсэн бодис 2.9 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 1.8 дахин, нийт азот 1.4 дахин тус тус давсан бохирдолтой  байжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ