Завхан аймаг агаарын чанарын судалгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-12-20 15:49:48

Завханы Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас аймгийн хэмжээний агаарын чанарын судалгаа хийж байна.

Энэхүү судалгаагаар агаарын чанарт нөлөөлж буй гол хүчин зүйл болох төв суурин газарт байгаа уурын зуух болон айл өрхийн зуух, албан байгууллага болон хувь хүмүүсийн машин техник, мотоцикл гээд утаа гаргадаг объектуудыг тоолж буй юм. Өнөөдрийн байдлаар Завханы 24 сумаас 13  сум мэдээллээ хүргүүлжээ. Харин аймгийн төв Улиастай сумын агаарын чанарын судалгааг нарийвчлан гаргаж байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сард судалгааг аймгийн хэмжээнд бүрэн гаргах аж.

Дашрамд аймгийн төв Улиастай сумын агаарын чанарын судалгааг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас долоо хоног, өдрөөр гаргаж иргэдэд мэдээлж байгаа. Жишээ дурьдвал өнөөдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улиастайн төв суурин хэмжилтийн дүнгээс агаар бохирдуулагч хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, том ширхэглэгт тоосонцор /РМ10/-ийн хэмжилтийг MNS4585:2016 стандарттай харьцуулахад хүлцэх агууламжаас хэтэрсэн тохиолдол ажиглагдаагүй, зөвшөөрөгдөх хэмжээнд байна. Цацрагийн түвшиний агууламж агаарт 0.12µSv/h,  хөрсөнд 0.12µSv/h байна хэмээн аймгийн УЦУОША-аас мэдээллээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ