Францын компани Австралид 34 тэрбум еврогийн шумбагч онгоцууд нийлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2016-12-20 12:47:37

МОСКВА./TASS/. Австрали улсын Тэнгисийн цэргийн флотод атомын бус хөдөлгүүртэй 12 шумбагч хөлөг онгоц нийлүүлэх тухай хэлэлцээрт Франц болон Австралийн талууд өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү хэлцлийн нийт өртөг 34 тэрбум евро болж байгаа юм.

“Засгийн газар хоорондын энэ хэлэлцээр байгуулагдсанаар манай улс хамгийн сүүлийн үеийн техникээр хангагдсан тэнгисийн цэргийн флоттой болно” гэж Австралийн Ерөнхий сайд Малколм Тёрнбулл хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын дараа мэдэгдсэн байна.

Францын талаас Батлан хамгаалахын сайд Жан-Ив Ле Дриан хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Энэ оны 4 дүгээр сард тус улсын DCNS корпораци Австралид шумбагч хөлөг онгоц нийлүүлэх тендерт ялсан билээ. Тус корпорацийн нийлүүлэх атомын бус хөдөлгүүртэй 12 шумбагч хөлөг онгоцыг Францын  "Barracuda" гэдэг шумбагч онгоцны загвараар үйлдвэрлэх аж. Эхний шумбагч онгоцуудыг 2030 онд нийлүүлэхээр гэрээнд тусгасан байна.

Х.Сарнай

Холбоотой мэдээ