Завханы хүүхдүүд орос хэлийг шамдан суралцах боломж бүрдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-12-19 16:32:07

Завханд “Зав-Русь” орос хэлний төв үүдээ нээлээ.

 Завхан аймаг гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр нэлээд анхаарал хандуулан ажиллаж байна. Ялангуяа хил залгаа орших ОХУ-тай олон салбарт хамтран ажиллахаар төлөвлөжээ. Тухайлбал аймгийн Засаг дарга Д.Батсайхан Новосибирск хотод болсон хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт оролцож хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлэжээ. Үүний нэг нь Оросын соёл, шинжлэх ухааны төвтэй гэрээ байгуулснаар тус төвийн салбар болох “Зав-Русь” орос хэлний төв Завхан аймагт нээлтээ хийлээ.

Энэ төв нээгдсэнээр оюутан сурагчид болон иргэд орос хэлийг өндөр түвшинд сурах боломж бүрдэхээс гадна хоёр орны эдийн засаг, бизнес, соёлын харилцаа өргөжихөд томоохон хувь нэмэр оруулах юм. Өнөөдөр ерөнхий боловсролын сургалтын системд орос хэлний боловсролын цаг хангалттай бус байна. Тиймээс энэ төвийг түшиглэн Завханы сурагчид хэлний мэдлэгээ дээшлүүлэн улмаар тус улсад тэтгэлгээр үнэ төлбөргүй суралцаж, дэлхийн боловсрол эзэмших боломж нээгдэж буй юм. Оросын соёл шинжлэх ухааны төвөөс "Зав-Русь" төвд бүх шатны сургалтын хөтөлбөр, олон төрлийн сурах бичиг, гарын авлага материалуудыг бэлэглэснээс гадна мэргэжлийн багш нар заавар зөвлөгөө өгч ажиллах юм байна.  Түүнчлэн энэ төв компьютер, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд зарим суманд мөн салбар төвийг нээхээр төлөвлөжээ.

ОХУ, ЗХУ-д сургууль төгссөн төгсөгчдийн холбоо байгууллаа

Мөн үеэр Завханд Монголоос ОХУ, ЗХУ-д сургууль төгсөгчдийн холбоог удирдах зөвлөлийн долоо, нийт 58 гишүүнтэйгээр байгуулж цаашид хийх ажлуудаа тодорхойлжээ. 

Тухайлбал орос хэлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх суралцагчдад үнэ төлбөргүй сургалт зохион байгуулах.  2017-2018 оны хичээлийн жилд Оросын Соёл, шинжлэх ухааны төвөөс жил бүр уламжлал болгон зохиодог баруун бүсийн орос хэлний олимпиадад суралцагчдаа сургууль бүр заавал бэлтгэн амжилттай оролцуулах, төрөл бүрийн төлбөртэй сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулах, багш, сурагч солилцоо, багш нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд ОСШУТ-ийн сургагч багш нарыг урьж сургалт явуулах, төгсөгчдийн санал хүсэлтэд тулгуурлан тэдгээрийн мэргэжил, сонирхсон чиглэлээр уулзалт, семинар, сургалт, ярилцлага, Монгол-Оросын найрамдлын өдрүүдийг тус тус зохион байгуулах зэрэг шат дараалсан олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Ийнхүү хойд талаараа ОХУ-тай хиллэдэг Завхан аймагт Оросын Соёл, шинжлэх ухааны төвийн салбар нээсэн нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах чухал алхам боллоо.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ