АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэл явуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-12-19 16:15:49

АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэл, татвар төлөлтийн талаар Нийслэлийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд, дүүргүүдийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

АН-ын гишүүний шинэчилсэн бүртгэл, татвар төлөлт, нэгдсэн бүртгэлийг энэ сарын 12-ны өдрөөс орон даяар эхлүүлсэн. Тус намын шинэчлэл, намын даргын сонгуулийн хүрээнд хийж буй энэ ажлыг сумын АН, дүүргийн намын Хэрэг эрхлэх газар, баг, хорооны намын үүрүүд зохион байгуулж байгаа. Харин намын анхан болон дунд шатны байгууллагаас ирүүлсэн шинэчилсэн бүртгэл, татвар төлөлтийг нэгдсэн цахим бүртгэлд бүртгэж зохион байгуулах ажлыг АН-ын Хэрэг эрхлэх газар хариуцах аж.

Шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх АН-ын гишүүн нь зөвхөн өөрийн иргэний үнэмлэхний хаяг дахь харьяа нутаг дэвсгэрийн намын байгууллагад бүртгүүлэх бөгөөд маягтын дагуу бөглөсөн өргөдөл, иргэний үнэмлэх, намын батлах, 4х3 хэмжээтэй 2 хувь цээж зураг, гишүүний жилийн татвар /2016 оны/ 1200 төгрөгийг тушаах шаардлагатай юм байна.

Шинэчилсэн бүртгэл, татвар төлөлт, нэгдсэн бүртгэлийг 2017 оны 1-р сарын 4-ний өдөр хүртэл орон даяар зохион байгуулж дуусгах бөгөөд бүртгэлд хамрагдсанаар намын даргын сонгуульд санал өгөх эрхтэй болох аж.

Н.Туяа

Холбоотой мэдээ