Улаангомын цэвэр усны худаг айлуудын модон жорлонтой зэрэгцээ оршиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-12-19 13:12:10

Увс аймгийн Улаангом хотын ундны цэвэр усны эх үүсвэр, байгууламжуудын хамгаалалт болон эзэмшлийн асуудлууд маргаан дагуулж байна.

Иймээс Монгол Улсын Усны зөвлөлийн даргаар ахлуулсан улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэй шалгалтын хэсэг Улаанбаатар хотоос ирж аймгийн ИТХ-ын Байгаль орчны хороотой хамтран ажиллаж байна.

Ажлын хэсгийн гишүүд “Чандмань-Увс” төрийн өмчит компанид харьяалагдах цэвэр усны эх үүсвэр, байгууламжуудтай газар дээр нь очиж танилцлаа. Тухайлбал, Улаангомын цэвэр усны 2-р эх үүсвэр дээр очиж хамгаалалтын бүсийг зөрчиж цэвэр усны худгуудыг хашаандаа оруулж барьсан айлуудыг очиж харлаа. Уг нь бол цэвэр усны худаг нь эрүүл ахуйн бүсээс 50 метр, хамгаалалтын бүсээс 100 метр байх ёстой атал айлуудын модон жорлонтой зэрэгцээд оршиж байгаа юм.

Улаангомын гүний худаг 20-25 метр буюу харьцангуй өндрөөс гардаг байна. Мөн хөрс нь хайрган бүтэцтэй учраас нэвчилт хурдан аж. Цэвэр усны худгууд айлын хашаанд байгаа нь жорлонгийн бохир нэвчих өндөр эрсдэлтэй тул цаана нь Улаангом хотын 30 мянган иргэний аюулгүй байдал яригдаж байгаа юм. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай Усны зөвлөлийнхнөөс асуухад Усны зөвлөлөөс дүгнэлт гаргаж түүнийг үндэслэн газар чөлөөлөх ажлыг эхлүүлэх бүрэн боломжтой гэв. Цэвэр усны 2-р эх үүсвэрийн зөрчлийг шийдвэрлэх зорилтыг аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж өгчээ.

Ажлын хэсгийн гишүүд үүний дараагаар "Чандмань-Увс" төрийн өмчит компани болон Дулааны хуучин станцын хооронд олон жил маргаан дагуулаад байгаа цэвэр усны өргөлтийн системийн газартай очиж танилцлаа. Нийт 3 мянган метр куб багтаамжтай усан сан бүхий түгээгүүрийн энэ байгууламжийн газрыг 2005 онд тухайн үед Улаангом сумын Засаг дарга байсан Л.Моломдагвын захирамжаар Дулааны станцын мэдэлд шилжүүлжээ. Гэвч энэ байгууламж нь "Чандмань-Увс" төрийн өмчит компанийн үйл ажиллагаа явуулах гол газар болж таарчээ. Мөн цаана нь байгаа Улаангомын бохир зайлуулах төв шахуурга наанаасаа ч, цаанаасаа ч орох газаргүйгээр Дулааны 1-р станцаар хашуулж, аливаа осол гарлаа гэхэд хот бохиртоо живэх нөхцөл үүсээд байна. Бүхэл бүтэн цэвэр усны байгууламжаа хувийн компанийн газарт оруулаад алдчихсан ийм аймаг манайхаас өөр байхгүйг Усны зөвлөлийнхөн анхааруулж байсан юм.

Хажуудаа 2 усан сантай, 3 мянган метр куб ус нөөцлөх хүчин чадалтай Улаангом хотын бохир ус зайлуулах төв шахуурга нь хоногт 1500 тонн бохир ус шахдаг байна. Гэтэл  Дулааны 1-р станцынхан өөрийн газар гэж үзээд цэвэр усны нөөцлүүрүүдийг эвдэн битүүмжийг нь алдуулж ухаж төнхөж эхэлсэн байна.

Б.Батхүү

 

 

 

 

Холбоотой мэдээ