Эмч нар малчны хотонд хүрч үйлчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-12-18 23:02:10

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд энэ сарын 2-ноос эхлэн хуваарийн дагуу хөдөөгийн малчдадаа “Халуун сэтгэл” тусламжаа хүргэсээр байна.

Тэд хоёр баг болон хуваагдаж алслагдсан багийн өрх бүрт хүүхэд, эмэгтэйчүүдийн эмч нар ажиллахаас гадна орчин үеийн дүрс оношлогооны аппаратаар элэг, цөс, нойр булчирхай бөөр, зүрх гээд таван цулын эд эрхтэнг мобайл төхөөрөмж ашиглан түргэн шуурхай үзэж оношилж байна. Мөн үүнээс гадна хямдралтай бөөний үнийн тарифаар эмийн үйлчилгээг санал болгож, тэдний хэрэгцээт эмийг ямар нэгэн явдал чирэгдэлгүйгээр хүргэж байгаагаараа онцлогтой үйлийг гүйцэтгэж байгаа юм.

Энэ удаа тус “Халуун сэтгэл” аяныхан Сэлэнгэ аймгийн Хушаат суманд ажиллажээ. Тус сум нь 201.1 мянган га газар нутагтай, энд нийтдээ 300 орчим малчин, мал бүхий иргэд оршин амьдарч байгаа аж. Тус сумын малчин болон мал бүхий өрхийн 90 орчим хувь нь хөдөөгийн алслагдсан багт амьдардаг байна. Энд Тус сумын хувьд хөдөөгүүрээ нэг өрхөөс нөгөө өрхөд хүрэхийн тулд багагүй хугацаа туулах гээд явдал чирэгдэл их гарч байгаа ч цас зудын хүндрэлийг үл харгалзан эмч нарын баг бүгдэд нь хүрч үйлчлэхийг хичээсээр байна. Цагаан зудтай байгаа тус суманд машин техник явах нөхцөл боломж муутай, малчид сумын төвөөсөө алслагдсан нутагт байгаа учраас тэр болгон эмнэлэгт хандаж чадахгүй байгаа талаараа ярьж байлаа. 

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ