Хар тамхины эсрэг дайнд амиа алдсан хүмүүсийн тоо 6000-гаас давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-12-16 15:20:48

МАНИЛА./CNN/. Филиппинийн үндэсний цагдаагийн газраас даваа гарагт гаргасан статистик мэдээлэлд дурдсанаар, өнгөрсөн 7 дугаар сарын 1-нээс хойш тус улсад өрнөж буй “хар тамхины эсрэг дайн”-ы явцад амиа алдсан хүмүүсийн тоо  6000-д хүрчээ.

Ерөнхийлөгч Р.Дутерте хар тамхины наймаатай хатуу тэмцэхээ амласнаар 5 дугаар сард төрийн тэргүүнээр сонгогдсон билээ.

6 дугаар сарын эхээр Ерөнхийлөгчийн албан тушаалыг авсан тэрбээр хар тамхи наймаалагчид болон хэрэглэгчдийн эсрэг цуст дайн явуулах явцад хууль сахиулагчдын гарт олон мянган хүн амиа алдсан юм.

Филиппиний Үндэсний цагдаагийн газар 7 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 12-ны хоорондох статистик тоо баримтыг танилцуулжээ. Нийтдээ 2186 хүн цагдаагийн тусгай ажиллагааны явцад амь үрэгдсэн бол 3841 хүн хууль сахиулагчдын гарт шүүхийн шийдвэргүйгээр амиа алджээ. Мөн 40 мянга гаруй хүн баривчлагдсан байна.

Засгийн газарт уг дайныг эсэргүүцсэн байр суурьтай хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа тухай Филиппинийн дэд ерөнхийлөгч Лени Робредо даваа гарагт “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр хэлэхдээ “эдгээр хүмүүс бүгд хар тамхины асуудлыг шийдвэрлэх хэрэгтэйг ойлгож байгаа, гэхдээ ийм аргаар асуудлыг шийдэх гэж оролдох нь түүнийг улам төвөгтэй болгоно үзэж байгаа юм” гэжээ.  

Үндэсний цагдаагийн газрын мэдээлснээр, хар тамхины эсрэг кампанит ажлын хүрээнд 7 дугаар сараас хойших хугацаанд мансууруулах бодис хэрэглэгчид эсвэл наймаалагчид байж болзошгүй 5 сая гаруй айл өрхөд шалгалт явуулсан байна. 

Х.Сарнай

 

 

 

 

 

Холбоотой мэдээ