Хүчирхийллийн эсрэг аянд 800 хүн нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-14 12:35:23

Хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийн зөрчлийг бууруулах, хүчирхийллийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг хандлагыг сайжруулах зорилгоор “Заавал эдлэх хайр” хүчирхийллийн эсрэг аяныг өнгөрөгч 10-р сарын 25-ны өдөр "Эрүүл амьдралын түүчээ" ТББ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвөөс санаачлан эхлүүлсэн юм.

Тус  аяны хүрээнд нуугдмал, далд оршдог гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийлэл дахин давтагдахад нөлөөлдөг хүчин зүйлсүүд, түүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах боломжууд, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд анхаарах асуудлуудын талаар иргэдэд таниулах зорилгоор гэр бүлийн хүчирхийллийн эсрэг чиглэсэн АСК тэмцээнийг Жаргалант суманд үйл ажиллагаагаа явуулдаг төрийн байгууллагуудын дунд зохион байгууллаа.

 АСК тэмцээнийг нээж, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд үг хэлж, хүчирхийллийн эсрэг аянд нэгдсэн хүн бүрт баяр хүргэлээ. ”Заавал эдлэх хайр” аяны турш олон нийтийг хамарсан уралдаан, тэмцээн явуулж, хүчирхийллийг бууруулах чиглэлийн сургалт, нөлөөллийн ажил, асуудал дэвшүүлсэн хэлэлцүүлэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Заавал эдлэх хайр” богино хэмжээний кино уралдаан зарласан гэх мэт олон талт ажлыг зохион байгуулжээ.

Аянд 800 гаруй хүн хамрагдаж хүчирхийллийн эсрэг нэгдсэн байна.

Тэмцээнд Хөгжил политехник коллеж, Зэвсэгт хүчний 123-р анги, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Цэцэрлэгүүүдийн холбоо, Жаргалант сумын ЗДТГ, БОЭТ-ийн зургаан баг оролцов. Эдгээр багуудаас Хөгжил политехник коллежийн баг тэргүүн байр, ЭМГ-ын баг хоёрдугаар байр, Зэвсэгт хүчний 123-р ангийн баг гуравдугаар байр тус тус эзэлсэн байна.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ