Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагт товлогдсон ч ирц бүрдэхгүй байсаар 12.00 цагийн үед эхлэв.
Хуралдааны эхний асуудлаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Засгийн газраас 2016 есдүгээр сарын 9-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн боловсруулсан. Нийт 6 бүлэг 47 зүйлтэй хуулийн төслийн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог тодорхойлоход чиглэгдэж байгааг өөрчилж, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох чиглэлээр өргөжүүлэн томъёолсон байгаа юм.
Одоо хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсгээс гарсан саналын томъёоллоор санал хураалт явуулж байна. Дараа нь "оффшор" дансны талаар зохицуулалтыг тусгасан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ