Шивэрийн голын гүүр ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Ховд сумын нутаг дахь Шивэрийн гол дээр төмөр бетонон гүүр барьж ашиглалтад орууллаа.
Хавар, намрын улиралд Шивэрийн гол үерлэж, нутгийн иргэд, хол ойрын зорчигчид шавар усанд сууж, ажил төрөл нь саатан хөрөнгө мөнгө болоод цаг хугацаа алддаг байсан юм. Тэгвэл тус гол дээр төмөр бетонон гүүр барьсанаар эдгээр асуудал түүх болон үлджээ.
Шивэрийн голын гүүрийг 3 тэрбум төгрөгөөр барихаар болж, энэ оны төсөвт нэг тэрбум төгрөг тусгасан байна. Гэвч эдийн засгийн хямралтай холбогдуулан төсөв танагдаж, 500 сая төгрөг гүйцэтгэгч “Айч Ки Ви” компанийн дансанд оржээ. Тухайн компани барилгын ажлаа энэ хавар эхлүүлж, улмаар өнгөрсөн долоо хоногт дуусган улсын комисст хүлээлгэж өгсөн. Нэг ёсондоо концессээр уг гүүрийг барьжээ. Тус компани нь Тэс сумын Дунд гол дээр 2015 онд төмөр бетонон гүүр барьж ашиглалтад хүлээлгэн өгч байжээ.
Ховд сумын ард иргэд Шивэрийн гол дээр төмөр бетонон гүүр баригдсанд баяртай байгаагаа гүүрийн нээлтийн үеэр илэрхийлж байв.
Б.Батхүү