40 орчим шатарчин авьяас чадвараа сорин өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-12 11:41:02

Шатар сонирхогчдын насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-11-ны хооронд Дорноговь аймгийн Сайншанд хотод боллоо.

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулж УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулсан уг тэмцээнд тус аймгийн 14 сумын эмэгтэй, эрэгтэй нийт 40 орчим шатарчин авьяас чадвараа сорин өрсөлдөв.

Эрэгтэйчүүдэд Сайншанд сумын харьяат ШУТИС-ийн оюутан О.Тэнүүн тэргүүн байрт шалгарч өргөмжлөл, 120 мянган төгрөгөөр шагнуулсан бол дэд байрт Сайншанд сумын иргэн Б.Лүндээжанцан шалгарч 100 төгрөгөөр шагнууллаа. 

Харин эмэгтэй шатарчдыг аймгийн Төв номын сангийн ажилтан Э.Цэндсүрэн тэргүүлж мөн л өргөмжлөл, 100 мянган төгрөгөөр шагнууллаа. Дашрамд дурдахад Э.Цэндсүрэн нь 2015 оны аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд мөн түрүүлж улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. 

Тэмцээнд шалгарсан тамирчид  ирэх оны нэгдүгээр сарын 07-08-нд Улаанбаатар хотод болох шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд аймгаа төлөөлөн оролцоно.

Тэмцээнийг Дорноговь аймгийн ИТХ, Монголын Шатрын холбооны Дорноговь аймаг дахь зөвлөл  хамтран зохион байгууллаа. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ