С.Зориг агсантай холбогдох хэргийн шүүх хурал  лхагва гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-12-12 10:21:56

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ долоо хоногт болох хурлынхаа хуваарийг гаргажээ. Хуваарь дотор С.Зориг агсантай холбогдох хэргийг ирэх лхагва гарагт шүүхээр болсныг мэдээлэв.

Одоогоос нэг жил гаруйн өмнөөс шинээр гурван хүнийг сэжигтнээр татаж С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр шалгаж байгаа. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг шүүх хурлын тов гарсан байна. Шүүх хурал ирэх лхагва /2016.12.14/ гарагийн 10.00 цагт эхэлнэ. Шүүх бүрэлдэхүүнээр М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар томилогдсон байна.

Яллагдагчаар Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг татсан. Хэргийн улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцох бол хохирогч гэрчээр С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун, М.Амаржаргал, Б.Хишгээ нар оролцох юм. Энэ хэрэгт  Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15-аар эрүүгийн хэрэг үүсгэсэн ялын дүгнэлт үйлдсэн аж. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай Дээд шүүхийн тогтоол 2009 онд гарч байсан юм. 

Ж.Батсайхан

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ