Отрын бүсэд очдог зам даваа хаагдаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-12-09 11:18:03

Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.Лхагвасүрэнгээс тус сумын өвөлжилтийн талаар тодрууллаа.

Энэ жил манай суманд эрт цас унаж хүйтэрсэн тул өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Одоогоор 144 өрх, 580-аад хүн, 13 мянга гаруй мал эрсдэлтэй бүсэд өвөлжиж байна. Аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу сумын Онцгой комиссыг хуралдуулж, өвөлжилтийг хэрхэн даван туулах тухай сумын Засаг даргын захирамж гаргасан.

Манай сумын малчид, иргэдийн хувьд энэ жил өвөлжилтийн бэлтгэлээ 90 хувьтай базаасан. Сумын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс тэжээл байхгүй. Аймгийн Онцгой комисст хандаж өвс тэжээлийн фонд бүрдүүлэх, зам даваа гаргах, түлшгүй айл өрхүүдэд түлш татах зам гаргахад бензин шатахууны дэмжлэг үзүүлээч гэсэн гурван хүсэлт тавьсан. Уул руугаа буюу отрын бүсэд очдог зам даваа хаагдсан. Мөн Өндөрхангай, Цагаанхайрхан сум руу шууд давдаг зам хаагдаад байна.  

Аймгийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулахаар 40-өөд саналыг сумын иргэдээсээ цуглуулж явуулсанаас 18 санал ерөнхий болон нэрчилсэн байдлаар хөтөлбөрт тусгагдаад байна.

Б.Батхүү             

 

Холбоотой мэдээ