Ахуйн гал түймрээс сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-06 21:55:21

Хүйтний улирал эхэлж, аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрхүүдийн барилга байгууламж, орон сууцанд халаалт, гэр хороололд галлагаа эхэлсэнээр сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.

2016 оны 11 дүгээр сар гарсаар Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын хэмжээнд нийт 4 удаагийн обьектын гал түймэр гарчээ. Дээрх гарсан гал түймрийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хувь буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч иргэдэд дараах сэрэмжлүүлгийг тус аймгийн ОБГ-аас хүргэж байна.

Иргэд галын аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд пийшин, зуухныхаа галын аюулгүй байдлыг хангаж, пийшин зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулахыг зөвлөж байна.

Түүнчлэн пийшин, зууханд зориулалтын бус түлш болох (хуучин хувцас, дугуй, хуванцар, хуурай хог хаягдал) зэргийг хэрэглэхгүй байх, яндангийн хөөг тогтмол цэвэрлэж байх, үнс нурмыг тусгай төмөр саванд хийж  хөргөсний дараа бусад хуурай хог хаягдалтай нийлүүлж хаях хэрэгтэй.

Мөн орон сууц, гэрийн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийг  заавал эрх бүхий мэргэжлийн этгээдээр угсралт, засвар үйлчилгээг хийлгэх шаардлагатай.

Түлсэн гал түймрийн үнс нурмыг тагтай төмөр саванд хийж, шатах материалаас зайтай байлгах, цахилгаан хэрэгслийн хүчдэлд тохирсон чанар стандарт хангасан залгуур, разетка ашиглах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй, цоожлохгүй байх, хөлдсөн хөрсөн автомашиныг ил галаар гэсгээхгүй байх, галласан гэрийг эзэнгүй орхихгүй байх, цахилгаан тень, халаагуур бусад цахилгаан хэрэгслийг тодорхой хугацаанд унтрааж хэвшихийг Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Д.Одонтунгалаг

 

 

Холбоотой мэдээ