З.Энхболд: Эдийн засгаа уул уурхайгаас хэт хамааралтай болгосон нь үе үеийн Засгийн газрын буруу
МОНГОЛЫН МЭДЭЭАН-ын VI Их хуралд намын дарга З.Энхболд улс төрийн илтгэл тавив.
Тэрбээр илтгэлдээ “Ардчиллын төлөөх намууд нэгдэж АН шинээр байгуулагдсан өдрийн мэнд хүргэе. 16 жилийн өмнөх энэ өдөр АН-ын Их хурал Төрийн ордонд хуралдаж байв. Энэ өдрийг сонгосон нь учиртай. Их эзэн Чингис хаан ширээндээ сууж, Их Монгол Улсыг байгуулсан 1206 оныг бэлгэдэж 2000 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсад Ардчилсан төрт ёс, хүний эрх, эрх чөлөөг үнэт зүйлсээ болгосон Ардчилсан үзэл баримтлалтай намууд нэгдэж одоогийн АН-ыг байгуулсан түүхтэй юм. Өнгөрсөн хугацаанд манай нам Монгол улсын хүчирхэг улс төрийн хүчин байж, улсынхаа хөгжил дэвшилд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулсаар ирлээ. 2016 онд болсон УИХ, аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуулийн дараа Их хурал хуралдаж байна.
Энэ удаагийн Их хурлаар сонгуульд ялагдсан шалтгаанаа тодорхойлж, АН цаашид бодлого үйл ажиллагаандаа ямар шинэтгэл хийх вэ гэдгээ ярилцана. АН Монгол Улсын язгуур эрх ашиг, монгол хүний эрх чөлөөний төлөө тэмцэгч, хуулийн засаглалыг эрхэмлэсэн, Монгол Улсын төрийн тулгуур багана мөн гэдгийг Их хурлаараа харуулна. Хаалттай хаалганы цаана шийддэг биш, илэн далангүй нээлттэй хэлэлцэх зүй ёсны шаардлага тулгарч байна. Тиймээс АН-ын хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүн, намын шинэтгэлийн талаар танилцуулна” гэлээ.
Тэрбээр мөн илтгэлдээ 2012 оны өмнөх болон дараах үеийн улс орны эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдлыг танилцуулсан юм. Тухайлбал 2008 онд дэлхийн эдийн засаг бүхэлдээ сэргэж өндөр хурдацтай өсч байсан ч Монгол Улс төсөв санхүүгийн үрэлгэн бодлого явуулж, 4 их наяд төгрөгийг халамж хэлбэрээр бэлэн мөнгөөр тараасан. “Эрдэнэс Тавантолгойн” олоогүй байсан 350 сая ам.доллар, “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөгүй байсан 100 сая ам.долларыг урьдчилан авч тараасан ийм эдийн засаг бид хүлээж авсан Гэвч 2012 оноос дэлхийн эдийн засгийн өсөлт буурч, энэ нь АН дөрвөн жил эрх барих үед үргэлжилсэн. Эдийн засгаа уул уурхайгаас хэт хамааралтай болгосон нь үе үеийн Засгийн газрын буруу. Гэсэн ч бид шалтаг тоочиж суулгүй шууд ажилдаа орж, бүтээн байгуулалтыг сонгосон. Шинэ бодлогоо дотоод үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтаа дэмжиж, хуримтлалаа нэмэгдүүлэх, эдийн засгийн бүтцээ олон тулгууртай болгож, инфляцийн нам дор түвшинд дунд давхаргынхныг хуримтлалтай болгох зэргээр тогтвортой хөгжих бодлогыг хэрэгжүүлэхээр тодорхойлсон. Н.Алтанхуяг болон Ч.Сайханбилэгийн Засгийн газар асуудлаас зугталгүй зоригтой барьж авч шийдвэрлэснээр бахархмаар үр дүн гарсан гэж З.Энхболд илтгэлдээ онцлов.
Тэрбээр мөн 2016 оны сонгуульд АН ялагдал хүлээсэн шалтгааныг Нийслэлийн ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийн хэлсэн үгээс иш татан хэлсэн юм. “Сонгуулийн үр дүн АН-ын хувьд “цунами” байсан Бүтээн байгуулалт хийснээс илүү харлуулж муулсан хүмүүсийг олонх дэмжлээ гэж Э.Бат-Үүл хэлсэн. Би үүнтэй санал нэг байна. Энэ бол сонгуулийн үйл явцыг хамгийн оновчтой цөөн үгээр тайлбарласан тайлбар” гэлээ. Үүнээс гадна “царцааны нүүдэл” эмх замбараагүй явсан нь сонгуулийн дүнд нөлөөлсөн гэж байв.
АН-ын дарга З.Энхболд улс төрийн илтгэл тавьсны дараа “Ардчилсан намын шинэтгэлийн хөтөлбөр”-ийг УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин танилцуулав. Тэрбээр “АН эв нэгдэлтэй байж чадаагүй. Гэхдээ эв нэгдэлтэй байна гэдэг МАН шиг муу, муухайгаа нууна гэсэн үг биш ээ. АН-ын эв нэгдэл бол фракц дагаж гүйх биш дүрэм дээрээ нэгдэхийг хэлнэ. АН бүх шатны эрх мэдлээ шат, шатандаа тодорхой болгохгүй бол давхацсан эрх мэдэл хагаралдуулдаг.
АН-ыг нэг толгойтой болгохын тулд хэрхэн нэг нам болгох вэ гэдгээ шийдэх ёстой. Улс орныг хөгжүүлэх хамгийн гэрэл, гэгээтэй санаачлагыг бид гаргаж чаддаг. Түүнийхээ хэлэлцүүлгийг нам дотроо хийхгүй бол болохгүй байна. Бид аливаа шийдвэрийг зөвшилцлийн зарчмаар, гэхдээ дүрмээ сахиж, цөөнх болсон нь олонхийн шийдвэрээ дагаж, олонх нь цөөнхөө хүндлэхгүй бол бид цүнх барьсан хүмүүс, фракцид хуваагдсан хүмүүсийн тэмцлийн талбар болно.
АН-д шинэ салхи хэрэгтэй байна. Тогтмол ус үмхийрдэг. Тиймээс хаалга үүдээ сайн нээх хэрэгтэй. Намын бүртгэлийг цахимжуулж, тэр нь нээлттэй байж хуйвалдааны намаас салах цаг болжээ. Нээлттэй, оролцоотой, цахим ардчилсан нам гэдэг энэ хурлаас гараад 2017 оны хоёр сард шинэ намын тогтоцтой, шинэ даргатай, шинэ гишүүдтэй болно” гэв.
Үүгээр АН-ын VI их хурал завсарлаж, үдээс хойш хөтөлбөрийн талаар хэлэлцүүлгээр үргэлжлэх боллоо.
Н.Гантуяа