Чэндүгийн нисэх онгоцны буудалд 20 мянга орчим зорчигч саатаад байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-12-05 14:04:33

БЭЭЖИН. /CNN/. Их хэмжээний агаарын бохирдол, утаа, манантай байгаагийн улмаас нисэх онгоцнууд БНХАУ-ын Чэнду хотын нисэх онгоцны буудалд газардаж, улмаар 20 мянга орчим хүнд тэнд гацаад байна.

Чэнду хотын “Shuangliu” олон улсын нисэх онгоцны буудалд хөөрөх, буух олон нислэг цуцлагдаж, хойшлогдсон бол олон онгоц өөр нисэх онгоцны буудалд газардахаас өөр аргагүйд хүрлээ гэж Хятадын “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Хятадын “CCTV” телевизийн дүрс бичлэгийг үзвэл, маш олон зорчигч нисэх онгоцны буудлын сандал дээр унтаж, зарим нь бэлэн гоймон идэж байгаа харагдана.

Нисэх онгоцны буудлын хөөрөх, буух зурвас 10 цагийн турш хаалттай байгаагийн улмаас олон мянган зорчигчид ажлаа алдаж, олон нислэг цуцлагдсан байна.

Чэнду хотод агаарын бохирдол 280 буюу "маш муу" түвшинд хүрсэн гэж Дэлхийн агаарын чанарын индексийн алба мэдээлжээ. Харин нийслэл Бээжин хотын өмнөд хэсгээр орших аж үйлдвэржсэн хотуудад агаарын бохирдол 875 буюу "маш аюултай" түвшинд байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ