Шинэ Зеландын Ерөнхий сайд огцорно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-12-05 11:33:53

ВЕЛЛИНГТОН. /Sputnik/. Шинэ Зеландын Ерөнхий сайдын албыг найман жилийн турш хашиж байгаа Жон Ки албан тушаалаасаа огцрохоо мэдэгдлээ.

"Улс төрөөс явах цаг мөч ирсэн байна. Огцрох шийдвэр гаргах нь миний хувьд хамгийн хэцүү шийдвэр байлаа. Би дараа нь юу хийхээ мэдэхгүй байна" гэж тэрбээр ярьжээ.

Тэрбээр огцрох тухай мэдэгдэлдээ "би улс төрийн замналынхаа төлөө гэр бүлээ золиосолсон" гэж дурдсан байна.

"Үнэ цэнэтэй энэ ажлынхаа төлөө, хайртай эх орныхоо төлөө би бүхнээ зориулсан. Энгийн үгээр хэлбэл, энэ бол миний амьдралын хамгийн гайхалтай, сэтгэл хангалуун, сэтгэл хөдөлгөм мөчүүд байлаа. Надад улс төрийн гайхалтай замнал байсан хэдий ч би өөрийгөө мэргэжлийн улс төрч гэж үзэж байгаагүй. Миний улс төрд гаргасан амжилтыг парламентад хэр удаан байснаар минь дүгнээсэй гэж хүсэхгүй байна. Манай Үндэсний нам гайхалтай ажиллаж байгаа бөгөөд дараагийн сонгуульд ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна" гэж Жон Ки мэдэгджээ.

Үүний зэрэгцээ тэрбээр "нэмэлт сонгууль явуулахаас зайлсхийхийн тулд би парламентад үлдэнэ" хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ