"Иргэдийн тэтгэврийг дахин тогтоолгож, тогтоолгосон тэтгэврийг шалгана"

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-12-02 17:40:32

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нийгмийн хамгааллын чиглэлээр мэдээлэл хийсэнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

Тухайлбал УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Ардын нам мөрийн хөтөлбөрөө буцаж хүүхдийн мөнгийг ялгавартай өгсөн. Цалин тэтгэвэр тэтгэмж нэмнэ гэж Мөрийн хөтөлбөрт тусгасан. Ирэх онд нэмэгдэх үү? Ер нь ямар шатлалтай нэмэгдэх юм. Өнөөдөр олгож байгаа “Насны хишиг”-ийг улсаас өгч байгаа халамж хишиг. Тэрнээс тэтгэврийн дансанд цугларч байгаа мөнгө биш. Ирээдүйд тэтгэврийг өвлүүлэх хэрэгтэй. Энэ тал дээр ямар бодлого барих гэж байна” гэлээ.

Үүнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Таны хэлдгээр өрхийн амжиргааны түвшин тогтоох судалгааг халамжийн санд зориулж хийсэн гэвэл буруу. Хэрэв ингэж хийсэн бол хэн ч халамж авахгүй. Таны халамжийн санд зориулж хийсэн судалгааг хүүхдийн мөнгө олгоход шилжүүлэхэд л 40 хувь нь авахгүй болсон. Энэ судалгаа тэгэхээр үндэслэлгүй хийгдсэн Цааш нь үндэслэлтэй судалгаа явуулна гэж үзэж байгаа. Тэтгэврийн хувьд Монгол Улс хуримтлалын хэлбэрээр тэтгэвэр олгодог улс биш. Эв санааны нэгдлээр явж ирсэн. Иргэдийн төлж байгаа НДШ-ийг ахмадууддаа шууд тэтгэвэр хэлбэрээр өгч явдаг. Хуримтлал гэж байхгүй. Та үүнийг сайн мэднэ. Насны хишиг бол нас ахих тусам нэмэгдэж олгох дэмжлэг. Эдийн засгийн хүндрэлтэй ч зорилтот бүлгээ улам хүндрүүлж болохгүй гэж манай Засгийн газар үзэж байгаа. Тиймээс зорилтот бүлгээ тусалж дэмжээд явна” гэж хариулав.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Хүүхдийн мөнгийг 0-18 насны бүх хүүхдэд өгвөл жилд 240 тэрбум төгрөг шаардлагатай байдаг. Гэтэл өнгөрсөн онд эрх барьж байсан хүмүүс 60 хувьд нь олгоно гээд төсөв баталсан. Тэгсэн хэрнээ бүх хүүхдэд олгосон учраас төсөвт тодотгол хийх шаардлагатай болсон. Харин 2019 онд 500 онооноос дээш оноотой хүүхдүүдийн дансанд хэдэн сарын хэдэн төгрөг хуримтлагдсаныг нь тооцоод бөөнд нь өгнө. Тэтгэврийн шинэчлэлийн тухайд, хэд хэдэн арга хэмжээ авна. Одоо аудитын шалгалт хийж байна. Нэг салбар дээр гэхэд 187 орчим төгрөгийн зөрчил илэрсэн.  Иргэд тэтгэвэр тогтоолгохдоо авах ёстойгоосоо багаар бичүүлж хохирч байгаа тохиолдол их байна. Тэтгэврийн байцаагч нь өндөр биччихээд олгохдоо багаар олгоод байна гэх мэт. Тиймээс улсын хэмжээнд иргэдийн тэтгэврийг дахин тогтоолгох, тогтоолгосон тэтгэврээ шалгах аян зохион байгуулах гэж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү нар Дорнодод үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниуд монгол хүний эрх ашгийг зөрчиж байгаа болон дөрвөн хүний амь эрсэдсэн талаар асуудал хөндөв. Үүнд Ерөнхий сайд “Дорнодод би өөрөө очсон. Нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй очиж, үйл ажиллагаа явуулж байгаа компани бүртэй уулзаж ярилцсан. Ингэхдээ бүгдэд нь монгол хүний эрх ашгийг зөрчихгүй байх, нийгмийн баталгааг нь хангах, ажиллах орчныг нь бүрдүүлэх шаардлага тавьсан. “Дачин тамсаг”-ийн хувьд гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага тавигдаж байгаа.

Иргэдийн маань болгоомжгүй байдлаас болж олон хүний амь нас эрсэдсэнд Засгийн газар харамсаж байгаа. Агуулахад нь байсан шингэн зүйлийг уусан гэж байгаа. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага зохих ёсоор нь шалгаж байна” гэлээ.

Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Н.Гантуяа

Холбоотой мэдээ